Бразил халдварын тохиолдлын тоогоор Оросыг давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-23 10:31:54

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилд коронавирусний халдварын нийт 332382 тохиолдол бүртгэгдсэнээр, энэ үзүүлэлтээр Оросыг давж, халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн  улсуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдэх боллоо. ОХУ-д коронавирусний халдварын нийт 326448 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ тухай Бразилын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Өнгөрсөн хоногт тус улсад нэг өдөрт илэрсэн хамгийн их тохиолдол бүртгэгджээ. Халдварын нийт 20803 тохиолдол шинээр илэрсэн бол нас барсан тохиолдлын тоо 1001-нээр нэмэгдэж, 21048 болсон байна.


Тус улсад Сан-Паулу муж болон 21 сая гаруй хүн ам оршин суудаг Сан-Паулу хот халдварын голомт болоод байгаа юм. Энэ бүс нутагт коронавирусний халдварын нийт 76.8 мянган тохиолдол бүртгэгдэж, 5.7 мянга гаруй хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор Сеара муж хоёрдугаарт жагсаж байна. Тус мужид нийт 34573 тохиолдол бүртгэгджээ. Үүний араас Рио-де-Жанейро хот бичигдсэн байна. Тус хотод 33589 тохиолдол бүртгэгдэж, 3657 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ