Аваргын цом гардуулахаас өмнө мөнгөн медальтнууд явж болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-05-06 16:15:02

МОСКВА./ТАSS/. ДАШТ-ний алтан медалийн төлөөх шувтаргын тоглолтод ялагдсан багийн хоккейчид мөнгөн медалиа зүүснийхээ дараа ялагч багт цом гардуулахыг хүлээлгүйгээр медалийн тавцанг орхин явж болно. Ийм шийдвэр гарсан болохыг Олон улсын шайбтай хоккейн холбооны /IIHF/ дэд ерөнхийлөгч Калерво Куммола танилцууллаа.

2015 онд Чех улсад болсон ДАШТ-ний үеэр шигшээ тоглолтод Канадын багт хожигдсон Оросын хоккейчдын ихэнх нь аварга болсон орны төрийн дуулал эгшиглэхээс өмнө хувцас солих өрөө рүү яаран явцгаасан аж. Гэхдээ А.Овечкин, Е.Малкин, В.Тихонов, Д.Куликов нарын 4-5 тамирчин ямартай ч талбайд үлдсэн байна. Оросын тамирчдын энэ үл тоомсорлосон үйлдлийг Олон улсын шайбтай хоккейн холбоо буруушаагаад, ОХУ-ын Хоккейн холбоог 80 мянган швейцарь франкаар торгож байжээ.

“Бид ёслолын ажиллагааны журманд өөрчлөлт орууллаа. Медаль гардуулсны дараа буюу аваргын цом гардуулахаас өмнө хожигдсон багийнхан шагнал гардуулах ёслолын ажиллагааг орхин явж болно” гэдгийг дэд ерөнхийлөгч Куммола дурдлаа.

Өнөөдөр эхэлж буй шайбтай хоккейн ДАШТ энэ сарын 22-ны өдрийг хүртэл Москва болон Санк-Петербург хотод болно.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ