“Хайрын дөчин дүрэм” роман уншигчдын хүртээл боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-20 18:00:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Тагтаа" хэвлэлийн газар энэ оны хамгийн эхний номыг буюу Туркийн зохиолч Элиф Шафакын “Хайрын дөчин дүрэм” романыг Б.Сувддуламын орчуулгаар гаргалаа. 


Элиф Шафак Исламын ертөнцөөс олон улсад хамгийн сайн танигдсан зохиолчдын нэг юм. Тэрбээр турк, англи хэлээр бүтээлээ туурвидаг бөгөөд өдгөө дэлхийн 50 гаруй хэлнээ хөрвүүлэгдэж, олон уншигчийн зүрх сэтгэлийг татжээ. Тэрээр алдартай зохиолч төдийгүй эрдэмтэн, олонд танигдсан илтгэгч, эсээч, эмэгтэйчүүдийн эрх, үндэсний цөөнхийн болон бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахын төлөө идэвхийлэн зүтгэгч, нийгмийн томоохон зүтгэлтэн билээ.


Элиф Шафак одоогоор 10 гаруй роман туурвиснаас хамгийн алдартай нь эдүгээ таны гар дээр очиж буй “Хайрын дөчин дүрэм” юм. Монголчуудын байлдан дагууллын үеийн Исламын ертөнцийн гарамгай найрагч Румигийн амьдрал, тэмцэл, агуу нөхөрлөлийн түүхийг орчин үеийн жирийн бүсгүйн хайрын түүхтэй сүлэн бичсэн эл бүтээл “хайр” хэмээх хашигдах хил, хоригдох хэлгүй ид хүчнийг мэдэн захирах дөчин дүрмийг дэглэн толилуулжээ. “Хайрын дөчин дүрэм” романыг BBC-ээс “Хамгийн нөлөө бүхий 100 роман”-ы нэгээр нэрлэсэн байдаг.


Ташрамд өгүүлэхэд тус романы орчуулагч Б.Сувддулам нь “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн Франсуаза Саганы “Сайн уу гуниг минь”, Ян Мартелийн “Пигийн амьдрал”, Орхан Памукын “Истанбул: Дурсамж ба хот” номуудыг монгол хэлнээ дуун хөрвүүлсэн юм. "Тагтаа" хэвлэлийн газраас хамгийн сүүлд Хятадын зохиолч Үй Хуагийн “Цусаа худалдсан тэмдэглэл” романыг хэвлэж уншигчдын хүртээл болгосноор, бэстселлерийн жагсаалтад хэдэнтээ багтаж байсан билээ.

Холбоотой мэдээ