О.Оюунтуул:Зориглоод эхлүүлсэн ажил болохоор шантрах бодол огт төрдөггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-05-21 15:52:03

Хэнтий /МОНЦАМЭ/ Өөрийн өнгө төрх, хүсэл сонирхлынхоо дагуу гарааны бизнес эхлүүлж, Хэнтий нутгийнхаа амжилттай яваа залуусын эгнээнд нэгдэхээр зүтгэж буй залуу бизнесмэн бол О.Оюунтуул юм. Тэрбээр өнгөрсөн 2019 оны есдүгээр сард “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-т “Оюука үсчин, гоо сайхны салон, алжаал тайлах төв” хэмээх төслөөр өөрийн хамтрагч н.Шүрэнболорын хамт амжилттай хамрагдсан байна. Уг хөтөлбөрт 10 баг хамрагдсанаас түүний төсөл шалгарч, өдгөө үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй. Ингээд ярилцлагаа хүргэе.

 

- Та “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-т хэрхэн хамрагдсан бэ? Энэ талаар яриагаа эхэлье.

- Би Улаанбаатар хотод гоо сайханчаар суралцсан юм. Төгсөөд Хэнтий аймагт ирэхэд мэдээж шууд ажлын байр олдоогүй. Тэгээд Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ажил хайгчаар бүртгүүлэхээр очсон. Тэр үед мэдээллийн самбар дээр уг төсөл, хөтөлбөрийн тухай мэдээлэл өлгөсөн байхыг харсан. Ингээд ажил хайгчаар бүртгүүлэхээр ортол уг төслийн талаар санал болгосон. Надад их таалагдсан учир уг төсөлд хамрагдахын тулд хичээж эхэлсэн. Үүний тулд хамгийн түрүүнд өөрийн гэсэн зорилго чиглэл, шинэ санаатай, түүнийгээ цааш нь хөгжүүлж бодит ажил болгоход тохиромжтой төсөл боловсруулах хэрэгтэй болсон. Би гоо сайханч мэргэжлийг бүрэн эзэмшсэн учир өөрийн сайн хийж чадах зүйлээрээ төсөл боловсруулсан. Ингээд Шүрэнболортой хамтран “Оюука үсчин, гоо сайхны салон, алжаал тайлах төв” гэх төслөөр амжилттай шалгарч өнгөрсөн нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэснээр нэг хүнийг ажлын байртай болгож, багцын үйлчилгээ гарган, үйл ажиллагаагаа өргөтгөн маникюр, үс арчилгаа хийж байна.

- Хөтөлбөрт хамрагдсан эхний гурван сар сургалтад суусан юм билээ. Ямар чиг үүрэгтэй сургалт болсон бэ?

- Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас дөрвөн модуль сургалт явуулсан. Энэ сургалт нь ажлын байрыг хэрхэн бий болгох, өөрийн хүсэл шаардлага, хэрэгцээнд ажлыг хэрхэн олох, CV-гээ яаж бөглөх, ажлын ярилцлагад орохдоо юуг анхаарах, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх зэрэг хувь хүний хөгжил болон бүтээмжийн тухайд ажлын байранд бэлтгэх зорилготой сургалт болсон.

- Хөтөлбөрт нийт хэдэн баг хамрагдсан бэ?

- Анх хөтөлбөр эхлэхэд олон хүн бүртгүүлсэн ч явцын дундаас цөөрч эхэлсэн. Ингээд нийт арван баг бүртгүүлснээс тав нь шалгарсан. Тэр дундаас гоо сайхны төсөл бичсэн баг манайхаас өөр байгаагүй. Тийм учраас шалгарах болов уу гэсэн горьдлоготой бүх л шатны сургалтад хамрагдсан. Надад ч гэсэн хэрэгтэй, би өөрөө улам хөгжиж мэдэхгүй зүйлүүдээ сурсан. Хэрвээ энэ удаад төсөл минь дэмжигдэхгүй байсан ч хамаагүй дахиад л улам сайжруулж болно гээд зорьсон. Төсөл маань дэмжигдэхэд маш их баярласан. Надад шинэ боломж нээгдсэнтэй зэрэгцээд бас өндөр хариуцлага ногдсон. Надад итгээд энэ их хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн болохоор улам их хичээж төслөө бодит ажил болгохын тулд чармайсан.

- Уг хөтөлбөрт хамрагдах тухай гэр бүлийнхэндээ хэлэхэд тань хэрхэн хүлээж авсан бэ?

- Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих төсөлд бүртгүүлсэн тухайгаа анх гэрийнхэндээ хэлэхэд “Яг яадаг төсөл юм” гэж гайхаж байв. Дараа нь 10 сая төгрөгийн санхүүжилтээ буцааж яаж төлөх вэ гэдэг асуудал тулгарсан. Би өөртөө их итгэлтэй байсан. Надад ийм том боломж олдсон байхад алдаж болохгүй шүү дээ.

- Төслийн мөнгөөрөө хамгийн анх юу хийсэн бэ?

- Дээжийг нь хадгалахыг хүссэн. Дараа нь хоёр ихэр хүүдээ гутал авч өгсөн. Тэд минь их баярлаж билээ. Тэгээд л гоо сайхны салонд хэрэгтэй багаж төхөөрөмж авч, ажлын гараагаа эхлүүлсэн дээ.

- Гарааны бизнесээ эхлэхэд ямар саад бэрхшээл тулгарсан бэ?

- Анхны бизнес байсан учир мэдэхгүй, чадахгүй зүйл олон гарсан. Тэгсэн хэдий ч өөрийгөө улам хөгжүүлж, нэгэнт зориглоод эхлүүлсэн болохоор шантрах бодол огт төрдөггүй. Өөрөө илүү чадваржиж гоо сайхны бүх талын мэдлэг чадварт суралцах хэрэгтэй гэдгээ ойлгосон.

- Залуучуудад хандаж юу хэлэх вэ?

- Битгий залхуурч, хойш суугаарай. Зорьсон л бол эцсийг нь үзтэлээ хичээ гэж л хэлмээр байна. Олон чиглэлээр өөрийгөө хөгжүүлж сургалтад хамрагд. Тэгснээр та өөр өөр үзэл бодолтой хүмүүстэй танилцаж шинэ зүйлийг танин мэдэх болно. Мөн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хамт олон, уг төсөлд нэг баг болон оролцсон хамтрагч, бусад багийн залуус болон намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. 

Холбоотой мэдээ