Монгол Улсын эдийн засаг эхний улиралд 10.7 хувиар буурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-19 10:56:51
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ДНБ 2020 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 7444.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 499.3 (6.3%) тэрбум төгрөгөөр, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 3148.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 377.2 (10.7%) тэрбум төгрөгөөр тус тус буурлаа гэж ҮСХ-ноос мэдээллээ.


2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ-ний 10.7 хувийн бууралтад уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 269.2 (29.5%) тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 114.9 (6.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлөв.



ДНБ, 2020 оны эхний улиралд 10.7 хувиар буурсны (-7.6) пункт нь уул уурхай, олборлолтын салбарт, (-2.1) пункт нь тээвэр, мэдээлэл холбооны салбарт, (-1.3) пункт нь бөөний, жижиглэн худалдааны салбарт, (-1.0) пункт нь бүтээгдэхүүний цэвэр татварт тус тус ногдож байна. 



Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний улиралд 153.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар өссөн нь ДНБ-д 0.5 пунктээр эерэг нөлөөлөв. Харин уул уурхай, олборлох салбарын нэмэгдэл өртөг эхний улиралд 644.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар буурч, ДНБ-д 7.6 пунктээр сөрөг нөлөөлөв. Энэхүү бууралтад чулуун нүүрс, зэсийн баяжмал, газрын тосны олборлолт буурсан нь голлон нөлөөлжээ.


Аж үйлдвэр (уул уурхай, олборлолтын салбар ороогүйгээр), барилгын салбарын нэмэгдэл өртөг эхний улиралд 369.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсөж, ДНБ-д 0.6 пунктээр эерэг нөлөөлсөн бол үйлчилгээний салбарын нийт нэмэгдэл өртөг 1583.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.9 (6.8%) тэрбум төгрөгөөр буурч, ДНБ-д 3.3 пунктээр сөрөг нөлөөлсөн байна.

Холбоотой мэдээ