“Цахим эрүүл мэнд төсөл” хэрэгжиж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-05-18 13:23:18

Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилтээр “Цахим эрүүл мэнд төслийг” 2018 оноос эхлэн Увс аймагт хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймгийн эмч, мэргэжилтнүүдийг компьютерын хэрэглээний мэдлэг олгох, анхан болон ахисан шатны сургалтад үе шаттайгаар хамруулжээ. мөн өнгөрсөн онд 18 сумын болон Улаангомын дөрвөн Өрхийн эрүүл мэндийн төвд тус бүр 4 ш компьютер, тог баригч, иргэний үнэмлэх болон хуруу уншигч, салаалагч зэрэг 152 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг олгосон байна.

Тэрчлэн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баруунтуруун, Өндөрхангай, Өмнөговь сумын Сум дундын эмнэлгүүд телемидицинд холбогдсоноор ЭМЯ, ЭМХТ, 3-р шатлалын эмнэлгүүдтэй цахим хурал, цахим хичээлд тогтмол хамрагдаж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтыг цахимаар авдаг болжээ. Энэ оны 4 дүгээр сараас эхлэн “Ковид-19” цаг үеийн мэдээний цахим бүртгэлийн программыг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Одоо удахгүй аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Дүрс архивлан хадгалах систем”-ийг суурилуулснаар 3-р шатлалын эмнэлэгтэй шууд холбогдон тусламж үйлчилгээг авах боломж бүрдэх юм байна.

“Цахим эрүүл мэнд” төслийн үр дүнд иргэний эрүүл мэндийн мэдээллийг цахим системээр явуулж, эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ хийлгэх, хэвтэн эмчлүүлэх, сувилуулах, өвчний түүх, амбулаторийн карт, эрүүл мэндийн дэвтэр зэрэг үйлчилгээ цахимд шилжих юм. 

Холбоотой мэдээ