УБТЗ Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-05-12 16:39:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам тавих ажилд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зам засварын машинт станцын 4 бригад ажиллаж байна. 

Уг төмөр замын эхний 4.5 км замын дээд бүтцийг 2019 онд угсарсан. Тэгвэл энэ жилийн төлөвлөгөөний дагуу ажлыг өнгөрсөн 4 дүгээр сарын 20-нд эхлүүлж, УБТЗ ХНН-ийн зам засварын машинт станцынхан Зүүнбаян багийн хэсгээс эхлэн 1500 метр замыг тавиад байна.


Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орох трассын дагуух 30 км-ийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар оршдог. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суврагын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршдаг бөгөөд 6.02 тэрбум тоннын нөөцтэй гэсэн тооцоо судалгаа бий. Эдгээр орд эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн олборлолтоос төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг манай орны хувьд олон давуу тал үүсэх юм.



Холбоотой мэдээ