Японд онцгой байдлын дэглэмийг пүрэв гаргаас хэсэгчлэн цуцалж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-05-12 11:26:48

ТОКИО. /Kyodo/. Японд шинэ коронавирусний халдварын улмаас тогтоосон онцгой байдлын дэглэмийг зарим мужид цуцлах шийдвэрийг пүрэв гарагт гаргах төлөвтэй байна гэж Засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ. Японы 47 мужийн 34-т онцгой байдлын дэглэмийг цуцлахаар төлөвлөж байгаа ажээ.


Мэргэжилтнүүдийн ажлын хэсэгтэй зөвлөлдсөний дараа энэхүү шийдвэрийг гаргана гэж Ерөнхий сайд Абэ Шинзо даваа гарагт мэдэгджээ. Уг ажлын хэсэгт эдийн засгийн мэргэжилтнүүд багтаж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийг сэргээх арга хэмжээнүүдийг хэрхэн тэнцвэржүүлэхэд хувь нэмрээ оруулна.


Абэ Шинзо Токио, Осака болон өөр таван мужид онцгой байдал зарлах шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд гаргаж, 16-наас бүх 47 мужид тогтоосон юм. Онцгой байдлын дэглэм тавдугаар сарын 6-нд дуусах байсан боловч 31 хүртэл сунгасан билээ.


Засгийн газар 47 мужийг хоёр бүлэгт хуваасан бөгөөд эхний бүлэгт Токио, Осака зэрэг 13 муж орж байгаа ажээ. Японд өнөөдрийн байдлаар халдварын 16500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 640 гаруй хүн нас барсан байна.

Холбоотой мэдээ