“Монгол зураг” цахим үзэсгэлэнгийн бүтээлийн дээжийг талархлын хамт дурсгав

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-05-11 15:45:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Монгол зураг нийгэмлэгийн тэргүүн Б.Нямхүү, зураач Л.Хонгорзул нар өнөөдөр ЭМЯ-ны хамт олонд “Монгол зураг”-ийн цахим үзэсгэлэнд дэлгэсэн сор бүтээлийн дээж “Мэдрэхүй” бүтээлийг талархлын хамт дурсгалаа.


Урлаг нь үг хэлгүйгээр дэлхийн ард түмний энх тайван, эв найрамдлыг нэгтгэн бататгаж байдаг. Уг бүтээл нь зураач Л.Хонгорзулын бүтээл бөгөөд зураг дээрх эмэгтэй нь “Нөхцөл байдлыг ажиглан, өөрт байгаа бүхий л зүйлийг чин сэтгэлээсээ өгөхөд бэлэн байгаа бөгөөд тэрээр энэ бүгдийг ярих бус хийх болно” гэсэн утга, дүрслэлийг илэрхийлжээ.


Энэ үеэр Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат аюулт өвчний эсрэг тэмцэж буй тус яамны хамт олонд сэтгэлийн дэмжлэг үзүүлэн, соёл, урлагийн салбарынхан Ковид-19 цар тахлын эсрэг нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэхэд уриалах, нийгмийг соён гэгээрүүлж эерэг нөлөөллийг бий болгох, өвчний эсрэг тэмцэж буй албан хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэхэд чиглэсэн “Хамтдаа сэргийлье” уриан дор олон талт ажлыг хийж байна. Тухайлбал, дүрслэх урлагийн чиглэлээр “Хамтдаа сэргийлье” хүүхдэд зориулсан цахим гар зургийн уралдаан, “Хамтдаа сэргийлье” цахим постерын уралдаан, “Параллель” комтемпорари видео үзэсгэлэн болон “Монгол зураг”-ийн цахим үзэсгэлэн зэргийг зохион байгуулж буй юм.



Холбоотой мэдээ