“Миний монгол бичиг-2020” уралдаан зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-05-08 16:43:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан Дундговь аймгийн Өндөршил сумын Соёлын төв, сумын Ахмадын хороо хамтран иргэд, хүүхэд залуучууд, нийт төрийн албан хаагчдын дунд “Миний монгол бичиг-2020” сэдэвт цахим уралдаан зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэдаг. Энэ жилийн хувьд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар сургууль, цэцэрлэг болон урлаг, соёл, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа тул тус суманд ийнхүү цахимаар уралдааныг зохион байгуулсан байна.

Уралдаанд нийт 50 оролцогчийн бүтээл ирсэн бөгөөд “Цэвэр сайхан бичигтэн” байгууллага, төрийн албан хаагч, иргэн, сурагчдыг тус тус шалгаруулжээ.

“Цэвэр сайхан бичигтэн байгууллага, хамт олон”-оор сумын ЗДТГ-ын хамт олон шалгарсан бол дэд байрыг цэцэрлэгийн хамт олон эзэлжээ. “Цэвэр сайхан бичигтэн-төрийн албан хаагч”-аар Б.Сарантуяа шалгарч, М.Баярмаа, Э.Ганбодь нар удаах байруудад орлоо.  

Харин “Цэвэр сайхан бичигтэн иргэн”-ээр Д.Цацралтгэрэл, Ө.Мөнхзаяа, О.Цэндмаа “Цэвэр сайхан бичигтэн сурагч”-аар есдүгээр ангийн сурагч С.Навчаа,О.Мөнхцэцэг нар тус тус шалгарчээ.

Тус сумын Соёлын төв, Ахмадын хорооноос энэхүү өдрүүдэд “Үндэсний эх хэл бичиг соёл мину" цуврал үзэсгэлэнг гаргаж, цахимаар сурталчилж байна. 

Холбоотой мэдээ