С.Бямбацогт: УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлаж, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-08 12:51:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг хуулийн төсөл нь нийтдээ 38 зүйлтэй. Тухайлбал, сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл УИХ-д олонхын суудал аваагүй тохиолдолд улс төрийн нам, эвсэл заавал олонхыг бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх зохицуулалт тусгажээ. Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болох, Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг УИХ тогтоох зэрэг зарчмын зохицуулалтыг тусгасан байна.


Мөн Ерөнхий сайд УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах, Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох талаарх зохицуулалтыг тусгажжээ. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх, тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцох, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох зохицуулалтыг хуульд нэмэхээр тусгасан. Мөн “Засгийн газар” гэсэн нэршил, Засгийн газрын бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглох заалтыг нэмжээ.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр өглөө эл хуулийн төслийг хэлэлцэж, ажлын багийн гаргасан 13 зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 



Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Н.Оюундар, Д.Эрдэнэбат нарын гишүүн асуулт асууж, тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд олон хуульд өөрчлөлт оруулж буйг тодотгоод, давчуу хугацаанд хэр зэрэг судалж боловсруулсан төсөл гэдгийг тодрууллаа. Засгийн газрын тухай хууль батлагсанаас хойш 69 удаа өөрчлөлт орсон хэмээн тэмдэглэж, өмнөх хугацаанд Засгийн газрын дундаж нас 1.7 жил байна. Бидэнтэй социализмаас гарч, ижил түвшнээс эхэлсэн улс орнууд харьцангуй хөгжсөн байгааг дурдав. Тэрбээр, хуулийн төсөлд хөгжлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр ямар судалгаатай, ямар шинэлэг зүйл тусгаж буйг тодрууллаа. 


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нэг шалтгаан бол гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх, эрх эдлүүлж, үүрэг өгдөг байх зарчимд тулгуурласан гэдгийг онцлов. Засгийн газрын тогтворгүй байдлаас бодлого алдагдаж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж буйг тэмдэглээд,  энэ хүрээнд УИХ-ын эрх мэдлийг багасгахаар өөрчлөлт оруулсан гэлээ. УИХ-ын 76 гишүүн Ерөнхий сайдтай адил аяглаж байсан бол, хууль санаачлах бүрэн эрхийг багасгаж, төсөв санхүүгийг эрх мэдлийг нь хумьсан гэлээ. Ингэснээр гүйцэтгэх засаглалын эрх мэдэл нэмэгдэж,  Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилдог, УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн зарлага, орлогыг нэмэгдүүлэхгүй байх заалт оруулсан. Аль болох Засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүднээс бүх гишүүний олонхын саналаар огцруулдаг байх зэрэг өөрчлөлт орж байгааг тайлбарлаж байв.


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, хуулийн төслийн 21 дүгээр зүйлд, Ерөнхий сайд огцорвол Загсийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно гэж тусгасныг дурдаад, хэрвээ Ерөнхий сайд чөлөөлөгдвөл Засгийн газар огцрох эсэх, энэ талаарх асуудлыг хэрхэн зохицуулсныг лавлалаа.  Төслийн ажлын багийн гишүүн ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга н.Ганбат, хуулийн төслийн 21 дүгээр зүйлд, хэрвээ Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорсон тохиолдолд, огцорсон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болохоор тусгах санал оруулсныг Байнгын хороо дэмжсэн гэж байлаа.


Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны дэмжсэн 13 зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 хувь нь дэмжив.


Мөн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу 21 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг “Бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугаацанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэж тус тус өөрчлөхөөр болов.


Түүнчлэн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг буюу 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж буй асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэж, төслийн мөн зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоол баталсан бол энэ хуулийн 26.2-т заасан асуудлыг дэмжсэнд тооцно” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо.


Хуулийг 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.


Мөн хуралдаанаар, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаалаа.


Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ