Сайхан сум Монгол Улсын төвийн бүсийн "Шилдэг сум"-аар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-06 11:26:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сум "Төвийн бүсийн шилдэг сум"-аар шалгарчээ. Энэ нь Монгол Улсын хууль тогтоомж, хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эдийн засаг нийгмийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн амжилтын үнэлэмж юм. Ингээд Монгол Улсын төвийн бүсийн шилдэг сумын Засаг дарга О.Буянаатай уулзаж амжилт, ололтынх нь талаар сонирхлоо.

 

-Сайн байна уу. Юуны өмнө та бүхэнд шилдэг сумын шагнал хүртсэнд баяр хүргэе. Танай сум чинь төвийн бүсийн тулгуур төв байх аа. Онцлогоосоо хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Эл шалгаруулалт 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо болсон Төвийн бүсийн аймгуудын удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн юм. Манай сумыг 1980-аад онд илгээлт өвөртлөн ирсэн нутаг нутгийн залуучууд үндэс суурийг нь тавьсан онцлогтой. Түүнчлэн улсын чанартай авто зам, төмөр зам дагуу байрладаг дэд бүтэц сайтай, үйлдвэр хөдөө, аж ахуй хослон хөгжсөн Сэлэнгэ аймгийн баруун бүсийн тулгуур төв гэдгээрээ давуу талтай. Сайхан сум нь нийт 9675 хүн амтай, Хөтөл, Дөмбөн, Гавшгай, Номгон хэмээх багт хуваагддаг. Мөн төрийн захиргааны хоёр байгууллага болох Сайхан сумын ЗДТГ, Номгон тосгоны Захирагчийн албатай. Төрийн үйлчилгээний гурван сургууль, дөрвөн цэцэрлэг, соёл урлагийн хоёр байгууллага, эрүүл мэндийн хоёр байгууллага, Хот тохижилтын газар, Гавшгай ус ОНӨАТҮГ, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбар үйл ажиллагаа явуулж, ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэдэг.

Мөн тус суманд хууль сахиулах чиглэлээр Сум дундын шүүх, сум дундын прокурорын газар, Сум дундын цагдаагийн хэлтэс, Сум дундын шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс зэрэг байгууллага Сэлэнгэ аймгийн баруун бүсийн 35 мянга гаруй иргэдийн амар тайван, аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох, шүүн шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг.

-Сайхан сум хэдэн том улсын чанартай үйлдвэрийн газартай шүү дээ. Энд орон нутгийн иргэд хэр олон ажилладаг вэ. Танай суманд бүтээн байгуулалт хэр өрнөж байна?

-Манай суманд Алтан гадас одонт Цемент шохой ХК, Улаанбаатар төмөр замын харьяа Төмөр бетон дэрний үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр нь сумын 900 гаруй иргэнийг байнгын ажлын байраар ханган, улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбарт бодитой хувь нэмэр оруулан ажилладаг. 2017-2019 онд сумын хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлэн, нийт 6.4 тэрбум төгрөгөөр 55 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан.

Тухайлбал бичил хорооллуудын дунд хүүхдийн тоглоомын талбайг сайжруулах, гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах боломжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд байгаа. Эдгээрийг хийхдээ ард иргэдээсээ санал авсны үндсэн дээр, зайлшгүй шаардлагатай, хүсэл сонирхолд нь нийцүүлэн зохион байгуулсан. Мөн иргэдийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах олон ажлыг шинээр санаачлан хийжээ. Тодруулбал "Бидний ирээдүй сайхан", "Жаргалтай гэр бүл", "Бүтээлч залуучууд", "Миний гэр-Манай гудамж" зэрэг сумын дэд хөтөлбөрүүдийг боловсруулан, хэрэгжилтийг ханган ажилласан.

Төрийн хуулийг чандлан сахиж, төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэх чиглэлээр ажилласан бидний хөдөлмөрийг үнэлж 2020 онд Монгол Улсын "Төвийн бүсийн шилдэг сум"-аар шалгаруулсанд баяртай байна. Энэ бол 2019 онд Сэлэнгэ аймгийн Тэргүүний сумаар шалгарсан ажлын маань батламж юм даа.  

Холбоотой мэдээ