Ашиглалт дууссан зүтгүүрийг шинэ боловсон хүчин бэлтгэх сургалт дадлагын байр болгон ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-05-05 19:29:38

Дорноговь /МОНЦАМЭ/. УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны Сайншанд татах хэсэг ашиглалт дууссан зүтгүүрээ шинэ боловсон хүчин бэлтгэх сургалт дадлагын байр болгон шинэчлэн тохижуулжээ.

Зүтгүүрийг хичээлийн анги танхимын адил ширээ сандал, зааварлах  ханын самбар, дагалдах эд ангийн хамт тохижуулсан бөгөөд урд хэсэгт галт тэрэгний машинчийн суудал хийгээд хөдөлгүүр асаах, хөдлөх, дохио өгөх бүхий шаардлагатай төхөөрөмжийг бэлтгэсэн аж.

Энэ талаар Сайншанд татах хэсгийн дарга Д.Хорлоогоос тодрууллаа. Манай байгууллага ашиглалт дууссан 2Т62Т-006 зүтгүүрээ өнгөрсөн оны сүүлчээр өөрсдийн сургалтын бааз болгон ашиглаж байна. Хуучирсан зүтгүүрээ ингэж ашиглаж байгаа нь УБТЗ-д анхных нь болж байгаа.

Шинээр машинч болохоор дадлагажиж байгаа суралцагчид тоормозны систем, ур чадвар, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, цувааны зааварлагч машинч зэрэг олон хүний оролцоотой галт тэрэгний машинч болдог. Машинч болох хүн дээрх олон практик мэдлэгийг эзэмшихээс гадна үечилсэн шалгууруудыг хангах ёстой.

Тухайлбал зүгшрүүлэлтийн аялалд зааварлагчийн хамт явж тодорхой шалгуурыг хангана. Шалгуур эс хангавал машинч болох боломжгүй гэв. Харин авто тооромзын зааварлагч Н.Батзоригоос дараах зүйлийг тодотгосон юм.

Би 15 жил машинчаар ажилласан. Одоо галт тэрэгний зүтгүүрийн жолоодлого, тоормозны зааварлагчаар ажиллаж байна. Энэ кабинет нь машинч болох хүмүүст зориулж галт тэрэг, хэрхэн хөдөлж, хэрхэн хурдаа тохируулах, дохио өгөх, дохиолол холбоогоор холбогдох, замын туршид газар орны байдлыг хэрхэн ажиглаж галт тэргийг жолоодох талаар тусгайлан бэлтгэсэн видео бичлэгийг харуулж үүний дагуу галт тэргийг жолоодох талаар сургалт явуулдаг.

Машинч болоход мэдэх, сурах шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргаж үүнийхээ дагуу тодорхой мэдлэг мэдээлэл өгч дараа  нь тухайн сэдвээрээ кабинет дотор  шалгалт авдаг.

Мөн зүтгүүрийн гаднах эд анги дээр тухайн эд ангийн талаар тодорхой тайлбар бичсэн. Машинч болох хүн эд ангийн үүрэг оролцоог сайтар мэдэж төхөөрөмж дээрх бүх үйлдлийг зэрэг хийж сурах нь чухал байдаг гэв.


Холбоотой мэдээ