ОХУ-д коронавирусний халдварын 6198 тохиолдол шинээр илэрчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-27 16:28:49

МОСКВА. /TASS/. ОХУ-д “COVID-19”-өөр өвчилсөн хүний тоо нэг өдрийн дотор 6198-аар нэмэгдэж, 87147 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ. Тийнхүү ОХУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо БНХАУ-д илэрснийг давжээ. Хятад улсад одоогийн байдлаар коронавирусний халдварын нийт 84.5 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа юм.


Шуурхай штабаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд 579 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 7346 болсон бол халдварын улмаас нэг өдрийн дотор 50 хүн нас баржээ. Халдвар тархсанаас хойш нас барсан нийт тохиолдлын тоо 794-т хүрсэн байна. ОХУ-ын 85 бүс нутагт шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 2693 нь буюу 43.4 хувь нь халдварын шинж тэмдэггүй байжээ.


ОХУ-ын  нийслэл Москва хотод 2871 шинэ тохиолдол илэрч, тус хотод халдвар авсан нийт хүний тоо 45351 болсон байна. Нийслэл хотод халдвар авсан хүмүүсийн 40 гаруй хувь нь 45-аас доош насныхан байжээ. 

Холбоотой мэдээ