Берлинд хөл хорихыг эсэргүүцсэн жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-26 12:49:25

БЕРЛИН. /Die Welt/. Германы нийслэл Берлин хотод коронавирусний халдвар тархсантай холбогдуулан авсан хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт болжээ. 


Эсэргүүцлийн жагсаал Берлин хотын Роза Люксенбургийн талбайд оршдог "Фольксбюне" театрын (Берлиний үндэсний театр)  дэргэд болсон байна. Жагсаалын үеэр 100 гаруй хүнийг баривчилжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, уг жагсаалд 1000 орчим хүн оролцсон байна. Берлиний цагаар 15 цаг орчимд цагдаа нар шинэ жагсагчдыг жагсаалд оролцуулахгүйн тулд театр руу чиглэсэн гудамжнуудад хаалт тавьжээ. Хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд ийм цуглаан зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан чанга яригчаар жагсагчдыг тарахыг уриалсан байна. Харин жагсагчид доромжилсон байдлаар цагдаа нарыг "зайгаа барихыг" шаарджээ. Жагсагчид өөрсдөө хоорондоо 1.5 м-ийн зайтай байх журмыг дагаж мөрдөөгүй байна.


Берлин хотын эрх баригчид жагсаал зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүй боловч улс төрийн янз бүрийн хөдөлгөөний төлөөлөгчид эрх, эрх чөлөөг нь хязгаарласан гэж үзэж байгаа арга хэмжээнүүдийг эсэргүүцэхээр Роза Люксенбургийн талбайд цуглажээ.


Берлин хотын цагдаагийн газраас мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагааны үеэр  200 орчим цагдаа эмх журам сахиулсан байна.


Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгээс хамгийн сүүлд мэдээлснээр, Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 154 мянга давж, 5600 гаруй хүн нас баржээ. Халдварын хамгийн олон тохиолдол Бавариа /40912/, Хойд Рейн-Вестфаль /31669/, Баден-Вюртембург /30761/ мужуудад бүртгэгдсэн байна. Нийслэл Берлин хотод 5600 хүн коронавирусний халдвар авчээ.  

Холбоотой мэдээ