Хөл хориотой 100 хоногт иргэдийн 94 хувь нь санхүүгийн бэрхшээлд оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-24 17:53:29
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжиж хөл хорио тогтоогоод 100 хонож байна. Энэ хугацаанд төр засаг иргэдийн ажлын байр, орлогыг хамгаалах дорвитой алхам хийгээгүй учир 5 дугаар сарын 1-нд МҮХАҮТ, хувийн хэвшлийнхэн жагсаал зохион байгуулахаар болжээ.


Энэ хугацаанд иргэдийн орлого хэрхэн өөрчлөгдсөн талаар МҮХАҮТ-аас хийсэн "Ажлын байрнаас хамаарах иргэдийн орлогын өөрчлөлт" судалгааны тайланг энэ сарын 20-нд танилцуулсан. Уг судалгаанд 10 мянган хүн хамрагдсан учир судалгааны үр дүн бодит байдлыг маш тодоор харуулж байгааг тус байгууллагаас онцолж байна.


Судалгаанд оролцогсдын 73 хувь нь цар тахлаас сэргийлэх арга хэмжээ тэдний гэр бүлийн орлогод маш их нөлөөлсөн, 21 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн буюу нийт судалгаанд хамрагдагсдын 94 хувь нь санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулсан гэжээ.


Судалгааны зарим үр дүнгээс онцолбол: 


- 700 мянган төгрөг хүртэлх өрхийн орлоготой болон 40-49 насны хувиараа бизнес эрхлэгчдэд цар тахлын үеийн эдийн засгийн сөрөг нөлөө хамгийн их мэдрэгдэж байна.


- Иргэдийн гэр бүлийн аль нэг гишүүн ажлаас халагдсан тохиолдолд одоо байгаа хуримтлалаараа ямар хугацаанд амьдрах талаар тодруулахад 72 хувь нь шууд мөнгөгүй болно, 14 хувь нь 1 хүртэлх сар, 8 хувь нь 3 хүртэлх сар амьдрах хуримтлалтай байна.


- Иргэдийн орлогыг хамгаалах чиглэлээр УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд тэдэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодруулахад 45 хувь нь орлогод нөлөөлөөгүй, 25 хувь нь орлого нэмэгдэнэ, 30 хувь нь гаргасан шийдвэрийн талаар тодорхой ойлголтгүй байна гэж хариулсан байна. 


Бизнес эрхлэгчид, ААН-үүд хөл хориотой 100 хоногийг өөрсдийн хүчээр давсан бол одоо нөхцөл байдал хяналтаас гарч байна. Төр хувийн хэвшлээ бодлогоор дэмжихгүй бол 5-р сарын дунд үеэс бодитой хямралтай нүүр тулах нөхцөл үүсээд байгааг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин санууллаа.


Тэрбээр "Яг энэ цаг үед төр зөв бодлого хэрэгжүүлж хувийн хэвшилд ажиллаж байгаа 1,1 сая иргэний ажлын байр, орлогыг хамгаалахгүй бол өнөөдрийг хүртэл бүтээн байгуулсан бүх зүйл үгүй болж дахиад тэгээс эхлэх нөхцөл үүснэ. Бидний хийсэн судалгаагаар цар тахал төрийн байгууллагынхан болон төрийн өмчит компаниудын ажилтнуудын орлогод нөлөөлөөгүй гэж гарсан. Гэвч төрийн байгууллагын ажилчид татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа учир энэ зөвхөн хувийн хэвшлийнхний асуудал биш юм. Хятадын нөхцөл байдлын өөрчлөлт Монголд 3-6 сарын дараа мэдрэгддэг. Монгол Улс 5 сарын дунд үеэс бодитой хүндрэлтэй нүүр тулна. Орлогогүй хүн өлсөж үхэхгүйн тулд хулгай хийнэ. Энэ зөвхөн эдийн засгийн хямрал бус цаашлаад нийгмийн хямрал болох бодит эрсдэл байна. Иймд иргэдийн ажлын байр орлогыг хамгаалахыг шаардаж 5-р сарын 1-нд хувийн хэвшлийнхэн Төв талбайд жагсана" гэв.


Өнөөдөр УИХ-ын зарим гишүүдийн өргөн барьсан Цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тогтоолын төсөлд хамгийн их найдлага тавьж байна. 


Тэрбээр: "Бизнес эрхлэгчдийн хамгийн ихээр зовоож буй зүйл бол арилжааны банкны зээлийн хүү. Уг тогтоолоор 500 сая төгрөг хүртэлх зээлийн хүүгийн 50 хувийг төр даах асуудал яригдаж байна. Мөн ЖДҮ-ийг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг маш ихээр олгох, ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх замаар барилын салбарыг дэмжих, урьдчилан санхүүжилт олгох замаар алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг 10 заалтын 7-д нь бизнесийг дэмжих санал явж байгаа" гэлээ. 


Холбоотой мэдээ