Бээжин хот аж ахуйн нэгжүүддээ нийт 70 тэрбум юанийн дэмжлэг үзүүлж байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-04-24 15:33:17

Бээжин /МОНЦАМЭ/. “Бээжин хот аж ахуйн нэгжүүдээ нийгмийн даатгалын шимтгэлээс хөнгөвчлөх, чөлөөлөх замаар 70 тэрбум юанийн хөнгөлөлт үзүүлж байна” хэмээн тус хотын Хүний нөөц, нийгмийн хамгааллын газрын дэд дарга Хө Руй мэдээлэв.

Тэрээр 20-ны өдөр “шинэ төрлийн коронавирустэй тэмцэх ажлын хэсэг”-ийн зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулахдаа “Хятадад коронавирусний халдварын тархалт дэгдсэнээс хойш хотын удирдлагаас ажлын байрыг тогтвортой байлгах холбогдох арга хэмжээг авсаар ирлээ. Улмаар аж ахуйн нэгжүүдэд нийгмийн даатгалын шимтгэлээс хөнгөвчлөх, чөлөөлөх болон ажилгүйдлийн даатгалын санг нэмэгдүүлэх замаар нийт 70 тэрбум юанийн үнийн дүн бүхий хөнгөлөлт, эдийн засгийн дэмжлэгийг үзүүлж, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг тогтвортой байлгах боломжоор хангаад байна” хэмээв.

Мөн аж ахуйн нэгжүүдийн ажлын байраа хадгалж үлдэхэд дэмжлэг болох зорилгоор цомхотгол хийгээгүй болон багахан хэмжээнд хийсэн даатгуулсан аж ахуйн нэгжүүдийн өнгөрсөн онд төлсөн ажилгүйдлийн даатгалын 50 хувийг буцаан олгох, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд 100 хувь буцаан олгох, үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй болсон ч үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт 9906 юань буцаан олгох шийдвэр гаргажээ.

Түүнчлэн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг сургалтад хамруулах, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ажилтан тус бүрт дээд тал нь 4540 юанийг олгохоор болжээ.

Мөн аж ахуйн нэгжүүдийн түрээсийн зардлын дарамтыг бууруулахаар соёлын салбарын 926-н жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд 20-ны өдрөөс эхлэн нийт 96 сая гаруй юанийн түрээсийг хөнгөлнө. Хотын төсвийг баталсны дараа үүн дээр нэмээд 40 сая юанийн коронавирусний халдварын тусгай тэтгэлгийн төсөл хэрэгжүүлэх юм.                 

Холбоотой мэдээ