Д.Тогтохсүрэн: Орон нутгийн ИТХ улс төрөөс ангид болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-22 11:27:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барьсан талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдээлэв. 


Хүн амын төвлөрлийг багасгах зорилгоор 2018 онд байгуулсан УИХ-ын ажлын баг тус хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулсан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тодотгов. Тэрбээр, "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай дөрвөн томоохон өөрчлөлт орсон. Түүнийг органик хуульд тусгах шаардлага үүссэн. Өмнөх хууль нь 40 зүйлтэй байсан бол энэхүү шинэчилсэн найруулга нь 6 бүлэг 80 зүйлтэй. Өөрөөр хэлбэл хоёр дахин том хууль болсон" хэмээгээд, хуулийн төсөлд тусгасан таван онцлогийг танилцууллаа.


Нэгдүгээрт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүргийг зааглаж тодорхой болгожээ. Ингэснээр, өмнөх хуульд байсан аймаг, нийслэл, сум, дүүргийн чиг үүргийн давхцалыг арилгаж, цэгцтэй зохион байгуулалтыг бий болгох аж.


Хоёрдугаарт, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал улс төрөөс ангид болно. Ингэхдээ, сумын иргэдийн хурлын төлөөлөгчид улс төрийн намаас нэр дэвшихгүй байх зохицуулалт оруулжээ. Орон нутгийн ИТХ-ыг хариуцлагатай болгох үүднээс тараадаг, эсхүл төлөөлөгчийг эргүүлэн татдаг байхаар тусгасан байна. Үүнээс гадна ИТХ-д намын бүлэг байгуулахыг хоригложээ. "Энэ нь ИТХ-ыг хариуцлагатай болгохын сацуу улс төрөөс ангид байлгах томоохон өөрчлөлт" хэмээн Д.Тогтохсүрэн гишүүн тодотголоо.


Гуравдугаарт, Засаг даргыг сонгох процедурыг хялбарчлах, нэгдмэл улсын хувьд дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдаас аль болох хамааралтай байхаар чиглэгдсэн гэдгийг нэмж тэмдэглэв.


Дөрөвдүгээрт, Орон нутгийн санхүү, эдийн засаг, өмч, татварын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд зохицуулалт орсон гэв. Тодруулбал, ХХОАТ-ын 100 хувь, ААНОАТ-ын тодорхой хувь нь сумын орлого байхаар төсөлд тусгасан хэмээн онцоллоо. Мөн Үл хөдлөх хөрөнгийн албан татвар сумын орлого болохоос гадна сум, дүүрэг нь өөрийн өмчтэй байхаар зохицуулжээ.


Тавдугаарт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан хот, тосгонд засаг захиргааны ямар эрх хэмжээг шилжүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулсан байна.


Тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд энэ хаврын чуулганаар хэлэлцэж батлах төлөвлөгөөтэй байгааг дуулгав. Харин хуулийн төслийг 2022 оноос хэрэгжүүлж эхлэхээр заажээ. Хуулийг дагаж 150 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа аж.

Холбоотой мэдээ