Судалгааны явцад ховордож болзошгүй амьтад бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-21 20:57:33

Завхан /МОНЦАМЭ/.Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь ховор зүйлүүдийн байршил, тархалт тэдгээрийн тоо толгойг тогтоох судалгааг хийжээ.

Тус Хамгаалалтын газраас янгир ямаа, аргаль хонь, халиун буга, баданга хүдэр зэрэг амьтдын популяцийг үнэлэх, байршлыг нарийн тогтоон зурагжуулах, биологийн олон янз байдлыг илрүүлэх судалгааг гурван удаа хийжээ. Тухайлбал Отгонтэнгэрийн дархан цаазат газрын Богдын гол хэсгийн Халзан даваа, Доод, Дунд Гялгар орчмын нутаг, Тарвагатайн нурууны БЦГ-ын Идэрийн эх, Гялгарын ам, Туна, Жаргалант Ямаатын ам орчмын нутаг дэвсгэрийг хамруулан хийгээд байна.

Судалгааг шугаман замналын болон цэгэн тооллогын аргазүйг ашиглан хийж гүйцэтгэлээ. Судалгаанд дуран, зургийн аппарат, байршил тодорхойлогч /GPS/, тэмдэглэлийн дэвтэр, тодорхойлох бичиг, үзэг, харандаа зэргийг ашигласан. Судалгаагаар нийт зургаан зүйлийн хөхтөн амьтан, 13 зүйлийн шувуу тэмдэглэгдсэн байна. Автомат камерын судалгаагаар халиун буга, нохой зээх, бор туулай, шар үнэг, зэрлэг гахай зэрэг амьтдын 1500 гаруй дүрс тэмдэглэгджээ.

Судалгааны явцад тэмдэглэгдсэн амьтдаас Улаан дансны ангиллаар олон улсын хэмжээнд “Устаж болзошгүй” ангилалд орсон амьтад бүртгэгдсэн. Тухайлбал идлэг шонхор, “Ховордож болзошгүй” ангилалд орсон нөмрөг тас, Бүс нутгийн хэмжээнд “Ховордож болзошгүй” ангилалд орсон цагаан сүүлт бүргэд зэрэг хамгааллын зэрэг өндөртэй шувууд, Бүс нутгийн хэмжээнд “Устаж байгаа” ангилалд орсон халиун буга, “Ховордож болзошгүй” ангилалд орсон зэрлэг гахай зэрэг хөхтөн амьтад бүртгэгдсэн байна хэмээн Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.  

 Амьтдад хүний үйл ажиллагаатай холбоотой аюул бага байна

Завхан дахь Отгонтэнгэрийн УТХГХЗ нь зэрлэг амьтдын мониторинг судалгааг хийхдээ малчин иргэдээс ирүүлсэн аман судалгааны үр дүнд тулгуурлан хийжээ.

Тухайлбал тусгай хамгаалалттай газар нутагт болон зэрлэг амьтдын байршил нутгуудад орон нутгийн иргэдтэй хамтран хамгааллын арга хэмжээг хамтран хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ бол хамгаалалтын захиргааны мониторинг судалгааны дүнд халиун бугын сүүлийн зургаан жилд дунджаар 56 бодгалиар өссөн үзүүлэлттэй байгааг тогтоожээ. Үүнийг нутгийн иргэдийн олсон бугын ясан эврийн судалгаанд үндэслэн гаргажээ.

Судалгаагаар 2018 онд 200 орчим, 2019 онд нийт 210 гаруй хос эвэр олдсон байгаа нь халиун буга өссөнийг харуулж байна. Мөн ан амьтдын хорогдлын мэдээнээс харахад гол шалтгаан нь махчин амьтанд идүүлэх мөн байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөл буюу ган, зуд  нөлөөлж байна. Түүнээс зэрлэг амьтдад хүний үйл ажиллагаатай холбоотой аюул, дарамт харьцангуй бага байгааг тогтоосон.


Малчид тусгай хамгаалалттай газар нутагт хавар, зуны улиралд голчлон нутагладаг бөгөөд өвлийн улиралд Отгонтэнгэрийн дархан цаазат газар болон Улаагчны хар нуурын байгалийн цогцолбор газарт малчин өрх нутагладаггүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны болон хязгаарлалтын бүсэд нутаглаж буй малын тоо болон байршлаас нь харахад хавар, зуны улиралд Отгонтэнгэрийн ДЦГ-ын Богдын гол хэсэг, Тарвагатайн нурууны БЦГ-ын Туна, Жаргалант, Ямаат хэсгээр халиун бугын бэлчээрлэлттэй 1/3 нь давхацдаг гэсэн судалгаа байна хэмээн нэмж дуулгалаа. 

Холбоотой мэдээ