“Хамтдаа сэргийлье” цахим гар зургийн уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-04-20 17:08:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, БСШУСЯ-ны лаборатори Монгени цогцолбор сургууль, Авьяастан хүүхэд залуучуудыг дэмжих Монголын холбоо хамтран Хамтдаа сэргийлье” сэдэвт цахим гар зургийн уралдаан зарлалаа.

Тус уралдааныг дэлхийн ихэнх улс оронд тархаад буй “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд багачуудад эрүүл ахуйн анхан шатны мэдлэг олгох, цагаа бүтээлчээр өнгөрүүлэх, үзэл бодлоо дүрс өнгөөр илэрхийлэх, зохион бүтээх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дүрслэх урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох зорилгоор зохион байгуулж буй юм.

Уралдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 5-17 насны хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд шалгаруулалтыг 5-6, 7-9, 10-13, 14-17 гэсэн насны ангиллаар зохион явуулна.

Оролцогчид А3 хэмжээтэй цаасан дээр “Хамтдаа сэргийлье” сэдвийн хүрээнд өөрийн санаа бодлоо чөлөөтэй дүрслэн зурж, будаж (тосон будаг, усан будаг, пастель, зураасан зураг, гуашь, өнгийн харандаа) оролцох боломжтой юм.

Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатнаас шалгарсан оролцогчид шүүгчдээс өгсөн сэдвийн хүрээнд бүтээл хийж буй видео бичлэгээ “Хамтдаа сэргийлье 2020 гар зургийн уралдаан” фэйсбүүк цахим хаягаар илгээж хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцоно.

Бүтээлийг энэ сарын 27-ныг хүртэл “Хамтдаа сэргийлье 2020 гар зургийн уралдаан” фэйсбүүк цахим хаягаар хүлээн авах юм.

Шалгарсан бүтээлийн тухай мэдээллийг 5 дугаар сарын 25-ны өдөр /Соёл, Урлагийн Газар/Culture and Arts Authority, Монгени цогцолбор сургуулийн албан ёсны пэйж хуудас/ цахимаар зарлаж 5 дугаар сарын 29-нд шагнал гардуулах аж.

Холбоотой мэдээ