А.Насанбат: Багш нарын цахим орчны мэдлэгийг дээшлүүлэхэд бодлогоор дэмжээсэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-20 13:06:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед сургуулийн багш нар, тэр дундаа бага ангийн багш нар хэрхэн сургалтын ажлаа явуулж байгаа талаар тодруулахаар Баруун-Урт сумын дөрөвдүгээр сургуулийн бага ангийн багш А.Насанбаттай цөөн хором ярилцлаа.


/Тэрээр цахим орчны хүрээнд сургалтын ажлаа явуулж байгаа ч багш нарын онлайн орчинд ажиллах мэдлэг дутагдаж байгаа учир цаашид энэ тал дээр төр засгийн зүгээс онцгойлон анхаарч, багш нарын мэдлэгийг дээшлүүлэхэд бодлогоор дэмжих шаардлага байгааг хэлж байлаа./


-Өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Юуны өмнө танай хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. Намайг Аваажигмэдийн Насанбат гэдэг. 2013 онд МУБИС-ийн Багшийн сургуулийг Бага боловсролын багшаар төгссөн. Одоо Баруун-Урт сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд долоо дахь жилдээ ажиллаж байна.

-Та одоо хэддүгээр анги  хариуцан ажилладаг вэ?

-Би одоо  2-р анги хариуцдаг. Манай анги  38 сурагчтай.

-Хорио цээрийн дэглэм тогтоогоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд сургалтын ажлаа хэрхэн явуулж байна?

-Хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед сурагчидтайгаа тогтмол цахимаар холбогдон ажиллаж байна. Ангийнхаа дотоод группээр дамжуулан сургалтын болон бусад үйл ажиллагааг явуулж байгаа.

-Сурагчид теле хичээлд хэрхэн хандаж байна?

-Ангийхан маань бага учир эцэг эхчүүдтэйгээ цахимаар болон утсаар холбогдож, сурагчдынхаа теле хичээлийн тэмдэглэл хөтлөлтийг өдөр бүр шалгаж хүүхэд нэг бүрийн дэвтрийг үзэж, алдааг нь тайлбарлан засаж өгч багш -сурагч-эцэг эх гэсэн гурвалсан холбоогоор ажиллаж байна. Сурагчид маань теле хичээлд 2,3 дугаар сард маш сайн хамрагдаж идэвх зүтгэл гаргаж байсан. Харин одооноос сурагч эцэг эхийн идэвх оролцоо бага зэрэг буурах хандлагатай байна. Магадгүй энэ нь хичээл сургууль 09 дүгээр сарын 01-нийг хүртэл хйошилсон  тушаал шийдвэртэй холбоотой байх гэж бодож байна.


-Теле хичээлээс өөрөөр та анги удирдсан багшийн хувьд сурагчидтайгаа хэрхэн ажиллаж байна?

-Теле хичээлээс гадна ангийн сурагчдад математик, монгол хэл, хүн ба орчин хичээлээр даалгаврын сан боловсруулан хувилж бүх сурагчид өөрийн биеэр очиж тарааж өгсөн. Үүнийхээ хажуугаар хүүхдийнхээ байр байдлыг танддаг гэж ойлгож болно.  Мөн сурагчид, эцэг эхийн идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд 04 дүгээр сарын 20-ноос эхлэн долоо хоног бүр өөр өөр аян, жижиг уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Учир нь бага ангийн хүүхдүүдэд ийм аргаар сургалтын ажлыг явуулах нь илүү үр дүнтэй байдаг.

-Ер нь цахим орчинд сургалтын үйл ажиллагааг явуулах нь хэр үр дүнтэй вэ таны бодлоор?

-Аливаа зүйл эерэг, сөрөг гэсэн хоёр талтай байдаг. Цахим сургалт явуулснаар багш болон сурагчид цаг үетэйгээ хөл нийлүүлэн интернэт орчинд ажиллах, мэдээллийн технологийн хөгжил дэвшлээс суралцаж өөрийгөө хөгжүүлж байна. Нөгөө талаар олон цагаар утас, компьютертой ажиллах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Мэдээж танхимын сургалтын үр дүн, чанарыг цахим сургалт гүйцэхгүй гэж бодож байна.

-Танай сургуулийн багш нар ямар байдлаар яаж, ажиллаж байгаа вэ?

-Мэдээж сургуулийн захиргаанаас байнгын үүрэг, чиглэл өгч багш, ажилчидтайгаа нягт холбоотой байгаа. Манай сургуулийн анги бүр дотоод групптэй. Багш нар маань бүгд ангийнхаа группээр дамжуулан эцэг эх сурагчидтайгаа холбогдож онлайнаар сорил шалгалт авч ,цахим хичээл зааж, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна. Бас багш нар бид өөр хоорондоо туршлага солилцож байна. Сүүлийн үед багш нар давхар өөрсдөө хичээлээ бэлтгэн видео хэлбэрээр цахимд байрлуулж байгаа. Одоо ч нэг шинэ хичээлийн бэлтгэлээ хангаад л сууж байна.

-Хүндрэл бэрхшээл юу байна?

-Хөдөө байгаа сурагчид болон интернэт орчин байхгүй мөн телевизээр ухрааж, зогсоож үзэх боломжгүй хүүхдүүдэд саад бэрхшээл их тулгарч байна. Тиймээс ийм нөхцөлд байгаа сурагчдынхаа судалгааг гаргаж, илүү тулж эцэг эхчүүдтэй нь холбоотой ажиллаж байна. Интернэт,  датагүй л бол багш нар ажлаа хийх ямар ч боломжгүй. Хамгийн том хүндрэл бол энэ. Тэгэхээр интернэт, түүний хурд хамгийн чухал байна.

-Хүмүүс багш нарыг амарч байгаа мэтээр ойлгоод байх шиг байна?                     

-Багш нар амраад байгаа зүйл байхгүй ээ. Бүгд гэрээсээ ажлаа хийж байгаа. Сургалтын хөтөлбөрийг яг л ном журмаар нь боловсруулж, сургалтын ажлаа төлөвлөдөг хэвээрээ байгаа. Үүнээс гадна чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх бүхий л нөөц бололцоог эрэлхийлж байна. Цахимаар ашиглан мэдээллийн технологийн мэдлэгээ нэмэгдүүлж байна. Өдөр бүр сурагчдынхаа дэвтрийг хурааж авч засдагтай адил хийсэн хичээл даалгаврыг нь үзэж шалгаад сорил авч анализ дүгнэлт хийн ажиллаж байгаа.


-Сурагчдын хувьд сургалтын түвшин өөр өөр байдаг шүү дээ. Мэдээж энэ хорио цээрийн дэглэм үүнд бүр л нөлөөлнө. Тэгэхээр ирэх намар таны болон багш нарын ачаалал нэмэгдэх байх даа?

-Тийм ээ мэдээж хүүхэд бүрийн сурах үйл, хүлээж авах чадвар, ойлголт нь өөр өөр байдаг. Ийм учраас хоцрогдол үүсэх магадлалтай. Хүүхдээ тухайн хичээлийн агуулгаас хоцроохгүйн тулд өдөр бүр тогтмол теле хичээлээ үзэж, тэмдэглэл хөтлөхийг багш бүр шаардаж байгаа. Иймд эцэг эх, асран хамгаалагчдад давхар үүрэг хариуцлага оногдож байгаа гэсэн үг. Манай ангийн эцэг эхчүүдийн тухайд энэ үүргээ маш сайн биелүүлж байгаа.

-Бага ангийн багш нар хамгийн их ачаалалтай байдаг ч нөгөө талаараа хамгийн аз жаргалтай хүмүүс юм шиг санагддаг.  Ангийнхаа сурагчдыг үгүйлж байна уу?

-Бага ангийн багш нар бол хиргүй цагаахан, ариухнаас ариухан бурхадтай ажилладаг хамгийн азтай, аз жаргалтай хүмүүс байдаг. Ангийнхаа хөөрхөнүүдийгээ маш ихээр үгүйлж, санаж байна. Тэд маань ч бас багшийгаа болон найз нөхдөө  санагалзаж байгаагаа үргэлж хэлж байгаа. Нэг шавь минь намайг даалгаврын сан тарааж өгөх үед гэртээ ороод би багшийгаа дотроо мөн ч их санасан байна шүү гээд санаа алдсан гэсэн. Үнэхээр хөөрхөн байгаа биз. Би ийм л хайрын бурхадтай ажиллаж, тэднээсээ ажиллах эрч хүч, урам зоригийг авдаг хүн дээ.

-Хорио цээрийн дэглэм нөгөө талаараа та бүхэнд ар гэртээ, үр хүүхдүүддээ цаг гаргах, хамт байх боломжийг олгож байна. Энэ боломжоо ашиглаж чадаж байна уу?

-Аливаа саад бэрхшээлийг боломж болгон харах хэрэгтэй. Хорио цээрийн дэглэм тогтоосон нь бид бүхэнд үр хүүхэд, эрүүл мэнддээ анхаарах, өөрийгөө хөгжүүлэх маш том боломж олгож байгаа гэж үзэж байна. Миний хувьд энэхүү боломжийг бүрэн дүүрэн ашиглаж байгаа.

-Өөрөө гурван хүүхдийн ээж шүү дээ. Хүүхдүүд мэдээж ээжтэйгээ хамт байх дуртай байгаа байх. Өдрийг хүүхдүүдтэйгээ хэрхэн үр дүнтэй өнгөрүүлж байна?

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүдтэйгээ өдөр бүр цагийг өөр өөр байдлаар өнгөрүүлэхийг зорьж байгаа. Манайх найм, тав, гурван насны хүүхдүүдтэй. Сургууль, цэцэрлэгийн теле хичээлээ хамт үзэж байгаа. Үүнээс гадна дасгал хөдөлгөөн хийхээс гадна шагай шүүрэх, морь уралдуулах зэрэг үндэсний тоглоом наадгайгаар хүүхдүүдтэйгээ хамт хөгжилдөх дуртай. Хүүхдүүд маань гэр орны ойр зуурын ажилд тусалж, бид өдрийг үр бүтээлтэй аз жаргал, инээд баяслаар дүүрэн өнгөрүүлж байгаа. Энэ нь хүүхдүүдэд маань их таатай байх шиг байдаг.

-Ер нь дахин ийм хорио цээрийн дэглэм тогтоохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр боловсролын салбарт үүнд бэлтгэлтэй байхын тулд хэрхэх ёстой гэж та харж байна?

-Миний бодлоор багш нар цахим хичээлийн сан бүрдүүлж нэгж хичээл бүрээр сорил даалгаврын сан бүрдүүлэн ээлжит хичээлийнхээ үзүүлэн хэрэглэгдэхүүнээ файлаар бэлтгэж хэвших нь зөв байх. Үүний тулд интернэт орчинд ажиллах мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, цахим хичээлд ашиглах программуудыг шинээр судалж мэдэх хэрэгцээ тулгарна. Тиймээс энэ талаас нь багш нарыг хөгжүүлэхэд илүү анхаарах, боломж бололцоогоор нь хангаж өгөх ёстой юм шиг санагдаж байна. Үүнийг бодлогоор дэмжээд өгвөл багш нарт чадвар нь байгаа шүү дээ. 

-Баярлалаа.

Холбоотой мэдээ