“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн хоёр өвчтөний эхний шинжилгээний хариу эерэг гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-14 18:03:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар Сонгдо эмнэлэгт шинэ коронавирусний халдвар гарлаа гэсэн мэдээлэл олон нийтэд түгсэн учир ЭМЯ-наас өнөөдөр 16.51 цагт шуурхай мэдээлэл хийлээ.

Тус эмнэлэгт хавдрын улмаас эмчлүүлж байсан 80 гаруй насны болон уушгины бронхиттой 40 гаруй насны 2 хүнд түргэн оношлуураар хийсэн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Одоо түргэн оношлуурын хариуг нарийвчилсан буй PCR шинжилгээгээр баталгаажуулдаг бөгөөд уг шинжилгээний хариу маргааш гарах юм байна.

Хоёр өвчтөний өндөр настай нь нэлээд удаан эмнэлэгт хэвтсэн бөгөөд уушги нь сүүдэртэй байсан тул эрсдэлийг тооцон түргэн оношлуураар тест тавьсан аж. Уг өвчтөнтэй Улаан-Үд яваад ирсэн ач хүү нь 3 дугаар сарын 20-дын үеэр очиж уулзсан юм байна.

Одоогоор тус өвчтөнийг Сонгдо эмнэлэгт нь тусгаарлаад байгаа бол нөгөө өвчтөнийг ХӨСҮТ-д шилжүүлжээ.  

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа, “Манай улсад хэд хэдэн төрлийн түргэн оношлуур хэрэглэж байгаа бөгөөд эдгээрийн мэдрэг чанар нь янз бүр байдаг. Ер нь бол түргэн оношлуураар вирусийг биш, харин цусанд нь үүссэн сөрөг биеийг илрүүлдэг. Одоогоор ДЭМБ-аас түргэн оношлуураар оношлохыг зөвлөхгүй байгаа. Сэжигтэй хүмүүсээс дандаа амьсгалын замын сорьц буюу хамар, хоолойн арчдас аваад PCR шинжилгээ хийж баталгаажуулж байгаа гэдгийг дээрх шуурхай мэдээллийн үеэр тодотгов. 

Холбоотой мэдээ