Шинэ барилга, байгууламжийн 29,3 хувийг гэрчилгээтэй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-14 18:05:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт Барилгын тухай хуулийн дагуу барилга, байгууламжийг паспорт, гэрчилгээтэй болгох ажил хангалтгүй байна гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Батболд хэллээ.

Барилгын тухай хуульд зааснаар гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон заалтыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэн, хуулийн этгээдийг торгохоор заасан байна.

Тус аймагт сүүлийн дөрвөн жилд буюу 2016 оноос хойш 41 барилга шинээр ашиглалтад орсон ч 12 барилгын өмчлөгч, эзэмшигч хууль, журамд заасны дагуу гэрчилгээ авчээ.

          - Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтад хамрагдсан 359 барилга паспорт, гэрчилгээгүй байна. Мөн шинээр ашиглалтад орсон барилгын 29,3 хувийг гэрчилгээтэй болгосон байгаа. Барилгын тухай хуулийг хэрэгжүүлж, барилга байгууламжийг паспортжуулах ажлыг зохион байгуулах, шаардлагатай төсөв хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах, шинээр ашиглалтад оруулсан барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигчид барилгын ашиглалтын гэрчилгээ авч улсын бүртгэлд бүртгүүлдэг тогтолцоог Улсын бүртгэлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, хуучин барилга, байгууламжуудад паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт хийлгэх ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг хийх зайлшгүй шаардлагатай байна гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Батболд ярилаа.

Холбоотой мэдээ