Халдварт өвчний талаар мэдээллийн нэгдсэн сантай болох шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 16:11:21

Хөвсгөл аймгийн ихэнх сум халдварт өвчний голомттой бөгөөд 2015 онд Цэцэрлэг, Шинэ-Идэр сумаас бусад бүх суманд боом, галзуу, цусан халдварт зэрэг халдварт өвчин гарч 2160 толгой мал өвчилжээ.

Сүүлийн жилүүдэд халдварт өвчний голомт сэргэж байгаа бөгөөд он гарсаар аймгийн хэмжээнд мал амьтны галзуугийн 8 тохиолдол бүртгэгдсэн цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул мэргэжлийн байгууллагууд хамтран халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр халдварт өвчинтэй дан ганц малын эмч тэмцэх бус мэргэжлийн байгууллагууд хамтран сэргийлэх, малчдын малаа хамгаалах идэвхийг сэргээх, халдварт өвчний голомтын паспортыг нэгтгэсэн мэдээллийн сантай болж холбогдох байгууллагууд харилцан мэдээллээ солилцож ямар суманд хэдийн ямар өвчин сэргэх боломжтой талаар урьдчилан сэргийлэх эрсдлийн үнэлгээг жил бүр хийх шаардлагатайг Зооноз өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд  онцолж байв.

Тус аймагт халдварт өвчний голомт ихтэй учраас улсын хэмжээнд анхаарлын төвд байдаг бөгөөд голомтын судалгаанд тулгуурлан жил бүр нийт мал сүргийн 30-40 хувийг халдварт өвчний, 50 хувийг паразит өвчнөөс сэргийлэх вакцинд хамруулдаг байна. Өнгөрсөн онд халдварт өвчний тоо өндөр гарсан нь Жаргалант суманд төлийн цагаан чацага өвчин гарч  400 толгой төл өвчилсөн, Рэнчинлхүмбэ суманд  адууны боом өвчин гарч 147 адуу өвчилж  хорогдсон зэрэг нь халдварт өвчний тоо нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ