Завхан аймаг тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж ногоон аймаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-13 17:08:23

Завхан /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Завхан аймгийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогод нутагшуулах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

Уг санамж бичгийг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Завхан аймгийн иргэн бүрийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж, ээлтэй, хүртээмжтэй, бие даасан тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулж ажиллах. Ногоон аймаг болгон хөгжүүлэх бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулж дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилго болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго 2030 бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх ажлыг хийхээр болжээ. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг орон нутагт нутагшуулах нь НҮБ-аас баталсан Даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл санаанд тулгуурлан үйл ажиллагааг явуулах. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө 2030 зэрэг баримт бичгийн хэрэгжилтийг хангах нь гол зорилго юм.

Тиймээс энэхүү санамж бичгийн хүрээнд Завхан аймаг ногоон аймаг болох зорилгоо тодорхойлж зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ташрамд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Тогтвортой хөгжлийн зорилгууд-2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих" төсөл нь Монгол Улсын нийслэл болон аймгуудын хөгжлийн бодлого, алсын хараанд тогтвортой хөгжлийн зорилгуудыг нийцүүлэн ажилладаг. Уг төслийн хүрээнд 2016 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ыг Улаанбаатар хотын түвшинд хэрэгжүүлэх зураглал” баримт бичгийн төслийг боловсруулж, хөгжлийн төлөвлөгөөнд нь тусгасан бол 2018 оноос Орхон аймагтай хамтран "Ногоон тогтвортой хөгжлийн 2025 он хүртэлх зорилт"-ыг баталсан байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ