Д.Бадамцэцэг: Тусгаарлагдсан 63 хүний хоолыг ямар ч ээлжгүйгээр 18 хоног хийсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-04-08 21:22:09

Увс /МОНЦАМЭ/. Улаангом политехник коллежийн нийтийн хоолны технологийн тэргүүлэх багш Д.Бадамцэцэгтэй цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр Улаангом политехник коллежийн дотуур байранд тусгаарлагдсан 57 иргэний хоол ундыг 18 хоногийн хугацаанд хийжээ.

-Тусгаарлагдсан хүмүүсийн хоол ундыг хийхэд хүндрэлтэй зүйл байв уу. Та ямар төрлийн хоол ихэвчлэн хийж байсан бэ?

-Нийтдээ 18 хоногийн хугацаанд хоёр тогооч, хоёр эмчээс гадна онцгойгоос нэг, үйлчлэгчээр нэг, нийтдээ 6 хүн энд ажилласан. Надтай хамт манай коллежийн нийтийн хоолны технологийн багш Д.Саранчимэг тогоочоор ажилласан. Бид хоёрын хувьд тусгаарлагдсан 57 хүнээсээ гадна тэнд ажиллаж байгаа 6, нийтдээ 63 хүний хоолыг өдөр бүр хийж байлаа. Өглөөний цайг 9 цагт, өдрийн хоолыг 12 цагт, оройн хоолыг 5 цагт өгч байсан. Тэр дунд 4 цагийн үед тараг юмуу алим, чангаанзны компотны аль нэгийг өгнө. Өглөөний цайнд зутан шөл, сүүтэй будаа, каш, цай боорцогтой өгнө. Харин өдөр 1-р хоолонд мөөгтэй шөл, далайн байцаатай шөл, кимчитэй шөл, гоймонтой шөл, зутан шөл, будаатай шөл, ногоотой шөл гээд 7 хоногт давтагдахгүйгээр хоол хийж өгч байсан. Хоёрдугаар хоолыг нь болохоор гуляш, шарсан мах, бүлгүги, цуйван, гоймон, будаатай хуурга, тефтель, зраз гэх мэтээр 14 хоногт давтагдахгүйгээр хийж өгч байлаа. Аймгийн МХГ-аас өдөр бүр ирж хоолны дээж авч байсан.

Оройн хоолонд эхний өдөр шөлтэй хоол өгсөн бол маргааш нь хуурай хоол хийж өгч байсан. Хоол ундны тал дээр ямар ч асуудал гаргаагүй. Тусгаарлагдсан хүмүүс гарч явахдаа тогооч нартаа маш их баярлалаа гэж хэлж байсан.   

Зарим нь бүр энэ олон хүний хоолыг яаж ийм гоё амттай хийдэг байна аа хэмээн магтаж байсан. Нэг настай ах охинтойгоо хамт манай байранд тусгаарлагдсан бөгөөд тэрбээр “Үйлчилгээ, хоол унд үнэхээр сайн байлаа. Манай охин цагаан хоол иддэг боловч таны хийсэн хоолны гоймон будааг нь иддэг, би махыг нь идчихдэг байсан юм” гэсэн. Тэгээд та хэлэхгүй яасан юм гэсэн чинь зүгээр зүгээр баярлалаа гэсэн.

-Тусгаарлагдсан иргэдийн хоол ундыг хийх хугацаандаа ар гэрийнхээ амьдралыг яаж зохицуулсан бэ?

-Охин маань байсан болохоор гайгүй ээ. Уг нь бол би 12-оос доош насны 2 хүүхэдтэй. Манай аймагт 12-оос доош насны хүүхэдтэй эхчүүдийг богиносгосон цагаар ажиллуулах шийдвэр гарсан байгаа.

Анх надад хэлэхдээ хамгийн дээд тал нь 20 хүний хоол хийнэ гэсэн. Түүнээс илүү гарахгүй гэхээр нь нөгөө багштайгаа яриад өдөр өдрөөр 10 хүний хоол хийчих юм байна гэж бодсон. Гэтэл 60 гаруй хүнд ямар ч ээлжгүй, хоёулхнаа туслахгүйгээр ажиллахаар болсон. Сүүлдээ манай нөгөө багш маань их ядраад, дархлаа нь суларсан. Миний хувьд даралт ихсээд ядарсан тал бас бий. Эхлээд 3 хоног ажиллачихаад аймгийн онцгойгийн дарга руу яриад ээлжийн тогооч, туслах авмаар байна гэсэн чинь хүн олдохгүй байна гэсэн. Бид нарт томилолт гэж өдрийн 24 мянган төгрөгөөр тооцож олгохоор болсон. Би бага байна, бид хоёр маш их ачаалалттай ажилласан, өдөр бүр өглөө 8-аас оройн 8 хүртэл ямар ч завгүй ажилласан, мөнгөө нэмүүлнэ гэсэн санал тавьсан боловч ямар ч хариу өгөлгүй таг чиг болсон.

Хоёр тогооч өөр хаалгаар орж гардаг, өглөө 7,30-аас орой 8 хүртэл ажиллаж байсан. Доор бид хоёрт байрлах өрөө, тасалгаа, ор байхгүй. Тусгаарлагдсан хүмүүс хоёр давхарт байрласан болохоор оройд нь ажлаа дуусаад гэртээ харьж хонодог байсан. Бид хоёр дээшээ гарахгүй, зөвхөн хоёр давхар руу гардаг шатны дэргэд тавьсан ширээн дээр хоолоо аваачиж тавьдаг. Түүнийг нь хоёр эмч аваад тусгаарлагдсан хүмүүст өрөө өрөөнд нь оруулж өгдөг байсан.

-Өдрийн томилолт тань бага байгаа талаар гомдол гаргасан уу?

-Өөр газар тусгаарлагдсан хүмүүсийн тогооч нар болохоор ээлжээр ажиллаж байсан. Улаанбаатарт гэхэд хоёр өдөр амраад нэг өдөр гарч байгаа. Гэтэл манай аймагт тэгээгүй. Яг 18 хоног ээлжгүй ажилласан болохоор өдрийн 24 мянган төгрөгийн томилолт надад жаахан чамлалттай санагдаж байгаа. Ар гэрээ хаяад, сэтгэл зүйн дарамттай энд ажилласан шүү дээ. Уг нь бол 63 хүний хоолыг хоёрхон тогооч ямар ч ээлжгүй хийнэ гэдэг бас хүнд л хөдөлмөр. Бид хоёр 40 литрийн савтай 1-р хоолоо гал тогооноос коридорын шат хүртэл өргөж явах гэж нэлээд хэцүүддэг байсан.

Хоол хүнсний зүйлийг манай сургуулийн тендерт шалгарсан компани нийлүүлж байсан. Тусгаарлагдсан хүмүүсээс өдрийн 25 мянган төгрөгөөр бодож хүн бүрээс төлбөр авсан.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ