“COVID-19”-ийн халдвараар нас барсан хүний тоо 58 мянга давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-04-04 14:32:39

МОСКВА. /Interfax/. Бямба гаргийн өглөөний байдлаар дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 1 094 099-т хүрч, 58 756 хүн нас барсан бол 225 мянга орчим хүн эдгэрсэн гэж  “South China Morning Post” сонин мэдээлжээ.  


Тус сонин нь тухайн улсын албан ёсны статистик мэдээнд үндэслэн мэдээллийн цахим тооцооллыг явуулдаг байна. Үүний зэрэгцээ, халдварын нөхцөл байдлыг хянаж байгаа АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, дэлхий даяар 1 099 389 хүн коронавирусний халдвар авч, 58 901 хүн нас баржээ.


Батлагдсан халдварын тохиолдол АНУ-д хамгийн их байгаа бөгөөд 273 880 хүн халдвар авч, 7 087 хүн нас барсан гэж “South China Morning Post” мэдээлсэн бол Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, тус улсад 277 953 хүн халдвар авч, 7 152 хүн нас барсан байна.  Канадад халдвар авсан хүний тоо 12 437 болж, 179 хүн нас баржээ.


Европын орнуудаас халдвар авсан болон нас барсан тохиолдлын тоогоор Итали нэгдүгээрт орж байна. Тус улсад 119 827 хүн халдвар авч, 14 681 хүн нас баржээ.


Испанид  халдварын 119 199  /11 198 хүн нас барсан/, Германд  91 159  /1 275/, Францад  65 202 /6 520/, Их Британид  38 689  /3 611/, Турк улсад  20 921 /425/, Швейцарт 19 606 /591/, Бельгид 16 770 /1 143/, Нидерландад  15 821 /1 490/, Австрид  11 506 /168/ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.


Эх газрын Хятадад өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш 81 639 хүн халдвар авч, 3326 хүн нас баржээ.  


Халдвар хамгийн их тархаад байгаа бас нэгэн улс бол Иран юм. Тус улсад 53 183 хүн халдвар авч, 3294 хүн нас баржээ. БНСУ-д халдвар авсан хүний тоо 10 153-д хүрч, 177 хүн нас барсан байна.  


“South China Morning Post” сонинд мэдээлснээр, коронавирусний халдвар дэлхийн 190 орчим улс, нутаг дэвсгэрт бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ