“Нюанс” хамтлаг хандивын тоглолт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД"Нюанс” хамтлагийн ахлагч Мөнхөөгийн Амарсанаа, “Хамтлаг гэдэг бол хамтаараа “лаг” байх гэсэн утгатай үг юм. Тийм ч учраас манай хамтлагийнхан өсч төрсөн нутгийн минь зон олонд учирсан зовлон бэрхшээлийг бага ч атугай нимгэлэх зорилгоор хамтдаа ирлээ” хэмээн хандивын тоглолтынхоо үеэр хэлсэн юм.
Тэд “Халуун сэтгэлээ хандиваар” тоглолтоо пүрэв гарагт Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт болсон юм.
Энэ сарын 20-нд цахилгааны шонгийн мод унаснаас гал гарч түймэр дэгдэн тус аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрийн 95 орчим хувь хуйхлагдаж, хэд хэдэн хүн түлэгдэж, олон айл орон гэргүй, мал хунаргүй болж маш их хэмжээний хохирол амссан. Энэ гамшгийг цаг алдалгүй газар дээрээс нь сурвалжилж, олон нийтэд хүргэсэн “Шинэ суваг” телевизийнхэн “Хандивын аян”-ыг анхлан санаачилж, сэтгүүлчид дэмжин байгууллага, хувь хүн тус аянд олноороо нэгдсэнийн нэг нь хамгийн холоос халуун сэтгэл гарган ирсэн нь“Нюанс” хамтлагийнхан юм. Тэд өөрсдийн зардлаар Улаанбаатар хотоос зорьж ирж, тоглолтын бүх орлогоо түймэрт өртсөн, хохирол амссан айл өрхөд хандивлав.
Тоглолтыг театр дүүрэн хүн үзэж сонирхож, хэлж ирдэггүй хийсч ирдэг гал, усны гашуун зовлонгийн үед хамтаараа байж чаддагийн нэгээхэн жишээг Дорнодынхон үзүүллээ.
Орон нутгийн сэтгүүлчдийн дэмжлэгтэйгээр маш богино хугацаанд шуурхай зохион байгуулсан энэ аянд нийтдээ 15 сая төгрөгийн эд материал, мөнгөн тусламж цугларсныг тоглолтын үеэр үзэгч олонд тайлагналаа. Сэтгүүлчид цугларсан эд зүйлээ газар дээр нь хүргэж өгөхөөр Сэргэлэн сумын зорьсон юм.
Б.Туяа