Архи хэрэглэдэг иргэдийн тоо эрс буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 17:16:42

Архигүй Өмнөговь хөтөлбөр хэрэгжсэнээр, иргэд архинаас татгалзаж бодит үр дүн гарч байна гэж албаны хүмүүс хэлж байна. Тус хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

2013 онд 2753 иргэнийг архитан согтуурсны улмаас түр саатуулах байрт саатуулсан байсан бол 2015 онд 1212 иргэнийг саатуулжээ. Мөн 2015 оны эхний улиралд 407 архитан согтуурсан иргэнийг саатуулсан бол энэ оны эхний улиралд 195 болон буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр тодорхой үр дүн гарч улсын хэмжээнд архидан согтуурахтай тэмцсэн анхдагч аймаг болсон билээ. Төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи 3 жилийн ажлаа дүгнэж, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, ХЖТ, БОЭТ-н хамтарсан баг 4 дүгээр сард 13 суманд хүрч 1400 хүнд хүрч ажилласан байна. “Ямар нэгэн үйл явдлаар нэгнээ архиар шахах байдлыг зогсоох үүднээс иргэдээ уриалсаар ирлээ. Мөн шинэ гэрийн найр зэрэг тодорхой баярын үеэр “хар нүдэн” гэх монгол архи, цагаан архи, айраг гурвыг хольсон зүйлээр хүмүүсийг маш хурдан хугацаанд мансууруулдаг үйл ажиллагааг зогсоохыг уриалсан захидал хүртэл иргэддээ хүргэж ажилласаны үр дүн гарч байна” гэж Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, Цагдаагийн хошууч Д.Гэрэлт-Од ярилаа. Өнгөрсөн жил архинаас гаргах албадан эмчилгээнд 12 хүн, сайн дурын эмчилгээнд 15 хүнийг хамруулсан нь тодорхой үр дүнд хүрч байна.

Архигүй Өмнөговь хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үеэр тус аймагт АА-ын “Говийн наран” салбар бүлэг үйл ажиллагаагаа явуулж одоо тогтмол үйлчлүүлэгчидтэй болоод байгаа аж.  Өнгөрсөн оны 4 дүгээр сараас энэ оны 4 дүгээр сарын хооронд буюу нэг жилийн хугацаанд зөвшөөрөлгүй зарж байсан 150 л шимийн архи, 45 л пиво, 70 л хятад архи, 50 л архи хураажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ