Ажлын тусгай горимд шилжүүлэх хугацааг сунгах захирамж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-31 12:51:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан энэ сарын 30-ны өдөр "Ажлын тусгай горимд шилжүүлэх хугацааг сунгах, зарим төрлийн үйл ажиллагааг хориглох, цагийн хязгаар тогтоох тухай" 216 тоот захирамж гаргалаа.

Уг захирамжаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдүүдийг ажлын тусгай горимд шилжүүлсэн хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.

Мөн бүх шатны боловсролын байгууллага, МСҮТ, олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, сургалт, баяр, ёслол, хурим, найр, уралдаан, тэмцээн, секц, дугуйлан зохион байгуулах, цахим тоглоом, баар, караоке, шашны байгууллагын үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хориглосон байна.

Түүнээс гадна ресторан, кафе, зоогийн газруудын иргэдэд үйлчлэх цагийн хуваарийг 10:00-20:00 цаг, хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийн согтууруулах ундаа худалдаалах цагийн хуваарийг 09:00-18:00 цаг байхаар тогтоож, зочид буудлуудад архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах, гаднаас оруулж ирэхийг хориглов. 

Холбоотой мэдээ