Токиогийн Олимпыг хойшлуулах шийдвэрийг Олимпын хороод сайшаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-03-25 10:32:02

ТОКИО. /NHK/. “Токио-2020” Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг олон улс орны Олимпын хороод сайшаан хүлээн авчээ.


“Дэлхийн спортын нийгэмлэг коронавирусний цар тахлыг аль болох ойрын хугацаанд зогсооход хувь нэмрээ оруулахын төлөө чадах бүхнээ хийнэ гэдгийг харууллаа” гэж Германы Олимп, спортын холбоо уг шийдвэрийг сайшаасан байна.


Их Британийн Олимпын холбооны гүйцэтгэх захирал Энди Энсон мэдэгдэхдээ, бид Олимпыг хойшлуулах шийдвэрийг “гунигтайгаар” хүлээн авсан хэдий ч “COVID-19” халдварын учруулах нөлөөг бууруулахын тулд бидний дэмжиж чадах цорын ганц шийдвэр энэ гэдгийг бүрэн ухамсарлаж байна гэжээ.


Мөн тэрбээр Олимпын наадмыг “итгэл найдварын бэлгэ тэмдэг” гэдгийг онцлоод, дэлхий дахин энэ хүнд цаг үеийг даван туулсны дараа бид яг товлосон цагт Токиод очих болно гэж хэлжээ.


“Энэхүү шийдвэр гарснаар тамирчид Олимп, Паралимпын наадамдаа тайван бэлдэх боломжтой боллоо” гэж Францын Үндэсний олимпын хороо мэдэгджээ. Мөн тус байгууллага Олон улсын олимпын хороо болон Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороонд итгэж байгаагаа илэрхийлсэн байна.


Австралийн Олимпын хороо тамирчдын эрүүл мэндийг хамгаалах хамгийн зөв шийдэл хэмээн уг шийдвэрийг сайшаагаад, Европт коронавирусний халдварын тархалт оргил үедээ хараахан хүрээгүй байгаа тул нөхцөл байдал ойрын хугацаанд сайжрах төлөвгүй байна гэж мэдэгджээ.  

Холбоотой мэдээ