Нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэл хийлээ

Орон нутагт | Сүхбаатар
otgontsetseg@montsame.mn
2020-03-23 14:30:28

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн коронавирусний халдвар, түүний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлууд үе шаттай өрнөж эхлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд аймгийн төв Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн зам, талбай, автомашины зогсоолуудыг ариутган халдваргүйжүүлж эхэлжээ. Энэ ажлыг цаашид тогтмолжуулан хийх бөгөөд улс орон даяар 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл 14 хоног халдваргүйжүүлэлт хийхээр болсон байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын дэглэмийг бүх нийтээрээ сахиж, өндөр хариуцлагатай байхыг Сүхбаатар сумын Онцгой комиссоос анхаарууллаа. Тус комиссын шийдвэрээр коронавирусний халдвар, түүний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор сумын Тохижилт үйлчилгээний газар энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа аж. Эл ариутгал халдваргүйтгэлийн ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн 35.000 мкв автозамыг нэг техник, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэж байна. Энэхүү ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг цаашид үе шаттайгаар зохион байгуулах ажээ. 

Холбоотой мэдээ