Махны үнэ 1000-1500 төгрөгөөр буурчээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-03-22 23:34:21

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Дархан сумын Засаг даргын 2020 оны А/49 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэд хяналт тавин ажиллаж байна. Тодруулбал мах, гурил, будаа зэрэг хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан захын махны бөөний болон жижиглэнгийн худалдаанд хяналт, шалгалтыг тогтмол хийж байна.

Сүүлийн таван өдрийн хугацаанд махны үнэ 1000-1500 төгрөгөөр буурч махны нийлүүлэлт хэвийн, 03 сарын 16-ны өдрөөс хойш 19788 кг мах Дархан зах руу нийлүүлэгджээ. Үнийн хувьд үхрийн мах бөөний үнэ 7000-8000 төгрөг, жижиглэнгээр ястай мах 10000 төгрөг, цул мах чанараас шалтгаалж 10000-12500 төгрөг, адууны мах бөөний үнэ 6000-6500 төгрөг, жижиглэнгээр 7500-10500 төгрөг, хонины мах бөөний үнэ 8000-9000 төгрөг, жижиглэнгээр 9500-11000 төгрөг, ямааны мах бөөний үнэ 7000 төгрөг жижиглэнгээр цул мах 9000 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн нөөцийн махыг ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн гаргахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ