Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-21 14:34:39

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт өнөөдөр ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Мөн Сэлэнгэ аймгаас тавьсан саналыг улсын Онцгой комисс хүлээн авч, ОХУ-аас орж ирж байгаа иргэдийг Орхон аймаг руу төмөр замаар буюу галт тэргээр тээвэрлэн тусгаарлах болсныг мэдэгдлээ.

Гэхдээ энэ асуудлыг Орхон аймагт даатган орхихгүй гэдгээ Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын зүгээс тодотгон хэллээ. Иргэдийг улсын хилээр орж ирэхээс эхлээд үзлэг тандалт хийх, шалган нэвтрүүлэх, тусгай галт тэрэг бэлтгэх, тээвэрлэн хүргэх гээд бүхий л үйл ажиллагааг Сэлэнгэ аймаг хийж гүйцэтгэх юм байна. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Алтанбулаг боомтоор орж ирж байгаа иргэн бүрээ бид хүлээн авч байгаа. Мөн олон улсын ачаа тээврийн автомашинуудыг өндөр хяналт хамгаалалт дор хил нэвтрүүлж, ачааг буулган, буцаагаад гаргах ажлыг ч аймгийн Онцгой комисс зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймаг энэ чухал үед сонор сэрэмжээ сулруулахгүй байж, хариуцлага өндөртэй ажиллах үүрэгтэй. Учир нь бид Европ тивийн хаалгыг манаж байгаа аймаг гэдгээ хором бүр санаж байх учиртай хэмээн аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга онцоллоо.

 

Холбоотой мэдээ