Урлагийн амжилт гаргасан сурагчид болон циркчдийг 9-40 сая төгрөгөөр урамшуулна

Монголын мэдээ | Соёл урлаг
ulzii@montsame.mn
2020-03-21 12:47:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсад болсон Косиан сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд  амжилт гаргасан сурагчдад 9-12 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор Засгийн газрын гуравдугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ.


Тодруулбал, тус уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ч.Цэцэнд 19 сая, хоёрдугаар байрын шагналт, ОХУ-ын Гнесний нэрэмжит Хөгжмийн коллежийн сурагч Т.Удвал, Хүүхдийн ордоны хийлийн дугуйлангийн сурагч Т.Эсүй нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ө.Мишээл нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болжээ.


Мөн БНХАУ-ын Учао хотод  болсон олон улсын циркчдийн наадмаас мөнгөн медаль хүртсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд 40 сая, Монте-Карлогийн дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын циркчдийн холбооны уран бүтээлчдэд 34 сая төгрөг тус тус олгохоор болов.

Холбоотой мэдээ