Хүнсний хомсдол үүсэхээс сэргийлж ачаа тээврийг нэвтрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-20 14:38:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ОХУ-ын жолооч нарыг эрүүл мэндийн нарийн үзлэгт хамруулан, сэжигтэй тохиолдол илрээгүй тохиолдолд Цагдаагийн байгууллагын харуул, хамгаалалттайгаар Улаанбаатар руу явуулж ачааг буулгаж байна. Мөн буцаагаад Цагдаагийн байгууллагын харуул хамгаалалттайгаар хилээр нэвтрүүлж байгаа аж.
Энэ ажил нь хоёр улсын Засгийн газрын хүрээнд шийдвэрлэгдэн явж байгаа гэдгийг ард иргэд маш сайн ойлгоорой хэмээн аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар хэллээ. Учир нь Монголд үйлдвэрлэх боломжгүй хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлсэн улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хойд хилээр ачаа тээврийн машинуудыг ийн нэвтрүүлж байгаа аж. Энэхүү ачаа тээврийн ажлыг ганцхан орос жолооч нар ч гүйцэтгэж байгаа юм биш, монгол жолооч нар ч явж байгаа аж. Орос, Монгол улсын эрүүл мэндийн байгууллагуудын өндөр хяналт, шалгалт, үзлэг дор энэ жолооч нар үүргээ гүйцэтгээд явж байгаа юм байна. Мөн иргэдээс ОХУ руу хил нэвтэрсэн монгол жолооч нарыг эргээд орж ирэхэд яагаад тусгаарлаад байгаа юм бэ? Хил нэвтрүүлэхгүй байж болоогүй юмуу гэж бас асууж байна. Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өдөр бүр цаг үеийн мэдээллийг иргэддээ өгч байгаа. Энэ мэдээлэлдээ иргэдээ болж өгвөл гэрээсээ гарахгүй байх, ОХУ руу онцын шаардлагагүй бол хил нэвтрэхгүй байхыг байнга сануулж, анхааруулж хэлж ярьсаар байгаа. Гэтэл манай иргэд өөрсдөө гарчихаад буцаж орж ирэхдээ тусгаарлагдахгүй гэж хэлж болохгүй. Тусгаарлагдаж байгаа үйл явц бол таныг болоод таны хайртай хүмүүсийг эрсдэлээс хамгаалж байгаа нэг хэлбэр гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй хэмээн аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.



Холбоотой мэдээ