В.Моцартын “Увидаст лимбэ”  ДБЭТ-ын тайзнаа эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-04-28 17:15:36

Хөгжим бүжгийн коллежоос ДБЭТ-тай хамтран нэрт хөгжмийн зохиолч Вольфганг  Моцартын “Увидаст лимбэ” дуулалт жүжгийг ирэх сарын 5-нд толилуулах гэж байна. 

В.Моцартын  “Увидаст лимбэ”  дуурь нь  аль ч улс оронд тавигдсан өөрийн гэсэн мөнхөд тайлагдашгүй олон нууцуудыг дагуулж явдаг бөгөөд хүний амьдралын тухай эрэгцүүлэл, сэтгэлгээг тухайн үзэгч өөрийнхөөрөө хүлээн авдаг мөнхийн шинжээ хадгалсаар үзэгчдээ хүлээж байдаг. Суут хөгжмийн зохиолчийн хамгийн сүүлийн бүтээл болох энэхүү дуурийн анхны тоглолт 1791 оны есдүгээр сарын 30-нд Австрийн Вена хотын “Ауф дер виден” театрт болж, В.Моцарт өөрөө оркестроо удирдаж байсан ч тэрээр хоёрхон сарын дараа тэнгэрт хальсан түүхтэй. Түүнээс хойш 200 орчим жилийн дараа буюу 1993 оны нэгдүгээр сарын 16-нд манай Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх энэхүү дуурийг тоглож байсан аж. 

Харин одоо энэхүү уран бүтээлийг Хөгжим бүжгийн коллежийн оюутан сурагчдын авьяас билэг хүч чадлаар тус сургуулийн 2016 оны тайлангийн хүрээнд ДБЭТ-т тоглогдох гэж байна. Дуурийн найруулагчаар ДБЭТ-ийн ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар, удирдаачаар МУУГЗ Ч.Чинбат, хормейстерээр Д.Нандинцэцэг, концермейстерээр н.Чулуунцэцэг, Ж.Ариунаа, туслах найруулагчаар н.Төрмөнх нар ажиллах аж. 

Н.Туяа

 
 

Холбоотой мэдээ