А.Гылымхан: Баян-Өлгий аймаг хүнсний бүтээгдэхүүний 3-4 сарын нөөцтэй байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-17 16:35:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт шинэ төрлийн "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар аймгийн Засаг дарга А.Гылымхантай ярилцлаа.


"COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрүүдийг орон нутагт шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш аймгийн Онцгой комисс долоон удаа хуралдаж, аймгийн Засаг даргын 25 захирамж гарсан. Мөн 26 цэгт 132 ажилтан, алба хаагч хорио цээрийн дэглэм сахиулан үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор урьдчилан бэлдсэн дөрвөн газарт 192 иргэнийг тусгаарлаад байна. Мөн Казахстан Улсад коронавирусний халдвар илрээгүй байхад тус улсаас наашаа гарч, эх орондоо ирсэн манай улсын 59 иргэнийг гэр гэрт нь тусгаарлаж, хяналт тавин ажиллаж байгаа. Тухайн хугацаанд дөрвөн удаа сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр коронавирусний халдваргүй гэсэн дүгнэлт гараад байгаа.

Казахстан Улсаас ирж энэ сарын 14-ний өдөр тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Хөл хориог хэзээ цуцлах вэ?

- Өнөөдөр улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа. Түүнээс гадна Баян-Өлгий аймаг хамгийн эрсдэлтэй бүсэд  орж байгаа. Учир нь хилийн боомттой, боомтоор дамжиж ОХУ, Казахстан улсаас маш олон хүн ирж байна. Тийм учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Өлгий аймагт орох, гарах болон сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хорьсон. Хөл хорио Казахстан Улсаас ирж тусгаарлагдсан манай улсын иргэний давтан шинжилгээний хариу гарах хүртэл үргэлжилнэ.  

 - Давтан шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

- Давтан шинжилгээг анхны шинжилгээг авснаас хойш гурван хоногийн дараа авах журамтай. Тийм учраас маргаашнаас авах байх. Бид Зам тээврийн яаманд асуудал тавьж, нисэхийн компаниудтай ярьж, сорьцыг авангуутаа Улаанбаатар хот руу онгоцоор явуулахаар болсон. Шинжилгээний хариу 20 цагийн дараа гарах юм. Уг нь нисэх онгоцоор сорьц тээвэрлэхгүй гэсэн журам байдаг юм байна. Бид өмнөх дөрвөн удаагийн сэжигтэй тохиолдлын шинжилгээг машинаар явуулсан. Машин замдаа 30 гаруй цаг явна. Харин энэ удаад улсын Онцгой комисс, зам тээврийн яамнаас зөвшөөрөл авч, онгоцоор тээвэрлэхээр болоод байгаа.   

Аймгийн хэмжээнд хэдэн хүний багтаамжтай тусгаарлах байр бэлдээд байна?

- Бид одоо 192 хүнийг тусгаарлачихаад байгаа. Аймгийн МСҮТ-д бэлдсэн 100 ортой байранд 29 хүн байрлаж байгаа. Мөн Өлгий сумын зургадугаар бүрэн дунд сургуулийн дотуур байранд 100 хүний ор бэлдсэн. «Пазилет» энэрлийн сан урьдчилан сэргийлэх ажилд тусалж, шинээр ашиглалтад орсон байраа тусгаарлах байр болгон ашиглуулж байна. Бид тухайн байранд 100 гаруй орыг цагаан хэрэглэлийн хамт тавьж, өчигдөр хилээр орж ирсэн хүмүүсийг  байрлуулав. Мөн Эмпати сургуульд 150 хүний ор бэлэн байна. Одоо зочид буудлуудтай ярьж, Бугат, Сагсай сумын ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрыг тусгаарлах байр болгон ашиглахаар ажиллаж байна. Шаардлагатай бол «Сансар» сувилал, хувийн эмнэлгүүдийг дайчилна. Хэрвээ хилийн боомт дээр сэжигтэй тохиолдол илэрвэл Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төвд бэлтгэсэн 15 ортой байранд тусгаарлана. Мөн ажиглалтад авах хүмүүсийг тосгоны ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байранд байрлуулна. Нийтдээ 1000 ор бэлдэхийг зорьж байгаа.

Тусгаарлах байранд байгаа хүмүүс зардлаа өөрсдөө гаргаж байна уу?

- Улсын Онцгой комисс орон байр, хоолны зардлыг тухайн иргэнээр төлүүлэх шийдвэр гаргасан. Гэхдээ бид ирж байгаа хүмүүсийн дотор оюутнууд, санхүүгийн боломжгүй хүмүүс байгааг харгалзан үзэж, аймгийн МСҮТ, Өлгий сумын зургадугаар сургуульд үнэгүй байрлуулж байна. Хоолны газруудтай хатуу гэрээ байгуулсны үндсэнд эдгээр иргэдийн өдрийн гурван удаагийн хоолыг 16 мянган төгрөгөөр өгөхөөр зохион байгуулалт хийсэн. Эмпати сургууль болон «Пазилет»-ийн байранд байгаа хүмүүс өдөрт 10 мянган төгрөг төлнө.

 - Казахстанд манай улсын хэдэн иргэн байгаа вэ?

 - Одоогоор суралцаж байгаа 800 гаруй оюутан байна. Мөн өнгөрсөн оны сүүлчээр болон 2020 он гарсны дараа 400 гаруй хүн тус улсад хувийн журмаар зорчсон. Үүнээс 200 орчим хүн эх орондоо буцаж ирээд байгаа.

 - Урьдчилан сэргийлэх ажлын зардлыг хэрхэн шийдэж байна?

 - Маш их хэмжээний зардал гарч байгаа. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнд гамшгийн зардал гэж жилийн турш хэрэглэхээр тусгасан 53 сая төгрөг байдаг. Одоогоор хамгаалалтын хувцас, хэрэглэл, шатахуун гээд 70 гаруй сая төгрөгийн зардал гарчихаад байна. Өнөөдөр улсын Онцгой комисст бэлэн байдлыг хангах, эм, хувцас бэлдэхэд зориулж 255 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санал тавьсан. Холбогдох нарийн тооцоог бичгээр хүргүүлж байгаа.

 - Цагааннуур боомтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байна?

 - Монгол Улсын иргэдийн гарах хөдөлгөөнийг зогсоосон. Гадаадын иргэдийг оруулахгүй. Ачаа, хүнс, шатахуун тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслүүдийг саадгүй оруулж байна.

 Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар хүнс, шатахууны хэдэн сарын нөөц байгаа вэ?

 - Аймгийн Шуурхай штаб нөөцийг нарийн тогтоож байгаа. Одоогоор мах, гурил, цагаан будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүний 3-4 сарын нөөцтэй байна гэсэн тооцоо гарсан.  Мөн шатахууны нөөц хангалттай. ОХУ, Казахстанаас ачаа тээврийн орох хөдөлгөөнийг хязгаарлаагүй тул өдөртөө 10 гаруй машин орж хүнс, шатахуун нийлүүлж байна. Аймгийн Онцгой комиссоос эдгээр машинуудыг ариутгал халдваргүйжүүлэлт хийж оруулж, жолоочийг нь ч буулгалгүй буцааж гаргах ажлыг мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байгаа.

 - Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан бараа таваарын үнэ нэмэгдсэн асуудал байна уу?

- Өнгөрсөн хоёрдугаар сарын 6-ны өдөр захирамж гаргаж үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үүрэг болгосон. Одоогоор үнэ нэмэгдсэн талаар ямар нэгэн гомдол мэдээлэл ирээгүй. Хэрвээ бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй өсгөсөн асуудал байвал ард иргэд аймгийн Шуурхай штабт мэдэгдэж болно. Холбогдох хууль журмын дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцно. 

 Иргэд, байгууллагууд сайн санаагаар хандив өргөж байгаа. Хэдэн төгрөг цугласан вэ?

 - Ард иргэд, албан байгууллагууд аян өрнүүлж, хандив өгч байгаа. Хандив өргөж, тусламж үзүүлсэн бүх хүмүүст, байгууллагуудад аймгийн Онцгой комиссын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье. Онцгой комиссын хандивын данс аймгийн Онцгой байдлын газарт байдаг. Одоогоор дансанд 10 сая төгрөг орсон байна. Зарим иргэн, байгууллагууд хандиваа мэргэжлийн байгууллагуудад өгөөд байгаа. Хандив цуглуулах, зарцуулах журмын дагуу цугласан хандивын мөнгийг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зарцуулна. Байгууллагуудад өгсөн хандивын тайланг Онцгой комиссын дараагийн хурлаар авч хэлэлцэнэ.

Өнөөдөр Улсын Онцгой комисстой онлайн хурал хийсэн байна. Ямар шийдвэр гарсан вэ?

- Улсын Онцгой комисст дээр хэлсэн бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгө мөнгө, мөн Нэгдсэн эмнэлгийн унаа, өмнөх жилийн үерийн гамшгийн үед гарсан зарим үлдэгдэл зардлуудын асуудлуудыг тавьсан. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгай үүргийн туулах чадвар сайтай авто машин өгөхөө хурлын үеэр мэдэгдлээ.

 - Аймгийн ард иргэд хөл хорионы дэглэмийг хэрхэн мөрдөж байна?

- Ийм цаг үед бүгдээрээ хамтран ажиллах ёстой. Аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүргээ маш сайн биелүүлж байна. Ард түмэн мэргэжлийн байгууллага, хөл хорио сахиулж байгаа алба хаагчдын шаардлага, зөвлөмжийг сайн биелүүлж байгаа. Хүн болгон адилгүй шүү дээ. Хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хэл ам гаргаж, эмч нарын, хууль хүчний байгууллагуудын ажилд хүндрэл учруулж байгаа асуудлууд ч мэр сэр байна. Халдварт өвчин зөвхөн Монгол Улсад биш дэлхийн 160 гаруй улсад гарч байгаа болохоор аливаа асуудалд хүлээцтэй хандаж, бие биеэ дэмжиж, өвчин намжих хүртэл өндөр хариуцлагатай байх хэрэгтэй байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

Холбоотой мэдээ