28551 хээлтэгч мал төллөөд байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-16 19:26:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-ын мэдээлснээр тус аймгийн хэмжээнд нийт 28551 хээлтэгч мал төллөж,  мал төллөлт 1,7 хувьтай байна.

Тус аймаг өнгөрсөн онд түүхэндээ хамгийн олон мал тоолуулсан. Өөрөөр хэлбэл тус аймгийн малын тоо дөрвөн саяас дээш гарч, энэ жил 1,7 сая мал төллөх ажээ.

Орон нутагтаа өвөлжих хэмжээний бэлчээр хангалтгүйн улмаас тус аймгийн 700 гаруй өрхийн 602,0 мянган мал 11 аймгийн нутагт, 380 гаруй өрхийн 382,0 мянган мал өөрийн аймгийн нутагт отроор өвөлжиж байна.

Хэдийгээр өвлийг өнтэй давж, хавартай золгож байгаа ч гэсэн малчдын хувьд сэтгэл амрах болоогүй. Мал төллөх энэ үеэр бэлчээр, өвс тэжээл, усны хангалт, бэлэн мөнгөний дутагдал гээд малчдын бэлтгэл, туршлага, ажил, хөдөлмөрийг шалгах уртхан өдрүүд тэднийг хүлээж байна.

Засгийн газрын тогтоолоор тус аймгийн малчдад 350 тн өвсийг 50 хувийг хямдралтай, аймгийн Засаг даргын нөөц сангаас 13 260 боодол өвс, 2 935 уут тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгоод байгаа аж.

Цаашдаа өөр аймгийн нутагт өвөлжсөн малчдын хувьд усны хүрэлцээ муу байгаа учраас нутагтаа буцаж ирэх хандлагатай байгаа учраас сумынхаа малчидтай холбоотой байж, анхаарал хандуулахыг ХХААГ-аас сумын Засаг дарга нарт анхааруулжээ.


Холбоотой мэдээ