Ирэх сар хүртэл 500 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэнэ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-03-16 19:15:09

Өмнөговь /МОНЦАМЭ/ Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгслийг гаргаж оруулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 4-р сарын 1 хүртэл Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлтийг хийх юм. Хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх аж.

Тодруулбал Гашуун сухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээ хүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангаад байна. Тээврийн хэрэгслийн компани болон жолооч нар өөрсдийн аюулгүй бэлэн байдлыг хангаж ажиллана. Үүнд эрүүл ахуйн дэглэм, ажиллах журам батлан мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг хангаж, жолооч нарыг урьдчилсан болон хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулах аж.

Мөн мэдээлэл харилцааны тасралтгүй үйл ажиллагааг бий болгон, тээвэрлэлтийн тусгай маршрутыг гаргаж мөрдүүлэх, тээврийн хэрэгслийг маршрутын бус замаар явуулахгүй, ачаа тээвэрлэлтийн бүх үе шатанд хяналт тавих, жолоочийн хувцас хэрэглэл, бусад зүйлсийн хангалтыг хянах, халуурсан, ханиасан, амьсгал давчидсан үед эмнэлгийн байгууллагад хандах зэргийг онцгойлон анхаарна. Түр журамд заасан шаардлагыг хангасан нэр бүхий компанийн жолооч нар нарийн зохион байгуулалт дор, тодорхой квотоор тээвэрлэлт хийнэ.

Холбоотой мэдээ