Их тойруу дагуу 4 эгнээ, 2 урсгалтай хурдны тойрог зам тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-16 15:12:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын их тойруугийн дагуу тавих давхар гүүрэн замын "Тэнгэрийн тойрог" төслийн эхний хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар байх нь. Энэ талаар төслийн захирал, "Хотын зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батсүрэн өнөөдөр танилцууллаа.


Тэрээр дээрх хөрөнгө улсаас гарахгүй, Герман улсын компаниас оруулж буй хөрөнгө оруулалт. Гүйцэтгэлээр зарцуулагдаад явна гэдгийг тодотгов. Төслийн талаар, "Хотын зам" ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Б.Атарбаяраас тодрууллаа. 


-Сүүлийн үед танай төслийг хотод тавих зам, тээврийн зарим төсөлтэй хольж хутган ойлгох явдал гараад байна. Тиймээс төслийнхөө талаар тодорхой танилцуулна уу?

-Тиймээс бид өнөөдөр дахин танилцуулж мэдээлэл өгч байна. Энэ бол нийслэлийн одоогийн их тойруу дагуу давхар гүүрэн зам тавих төсөл юм. Их тойруугийн дагуу тойрог хэлбэрээр тавина. 4 эгнээ, 2 урсгалтай хурдны, төлбөртэй зам байх юм. Төслийн эхний буюу нэгдүгээр ээлжийн хэсгийг хэрэгжүүлснээр манай улсад анх удаа, хотын төвийг тойрсон 13 км урт хурдны зам тавигдана. 2 дугаар ээлжинд шулуун салаа 36 км урт зам, нийт 49 км урт зам тавина. Төсөл 2023 он хүртэл хэрэгжинэ. 


Яагаад тойрог зам гэдгийг тодотгоод байна гэвэл давхар гүүрэн зам нь уртаараа, тойрч байж замын хөдөлгөөний ачааллыг жигдрүүлж, түгжрэлийг  бууруулж багасгана.


Энэхүү тойрог замыг 15 м өндөр гүүрэн байгууламжаар шийдэж өгнө. Тойрог зам нь 9 уулзвартай, мөн салбар холболтуудтай, түүгээрээ төв магистраль замууд руу бууна. Алсдаа хотын 4 тийш тэлэх юм. 

Тойрог замаар зорчих дундаж хурд 60 км/цаг байж, явахад 6 минут зарцуулна. Хотын төвөөс аль ч захад хүрэх боломжтой болох юм. Яагаад тойрог зам гэдгийг тодотгоод байна гэвэл давхар гүүрэн зам нь уртаараа, тойрч байж замын хөдөлгөөний ачааллыг жигдрүүлж, түгжрэлийг багасгана.

Бусдаар ганц гүүрэн зам бариад нэмэргүй, түүн дээр нь ачаалал үүсдгийг бид одоогийн байдлаас харж байгаа. Одоо бид нийслэлдээ давхар тойрог зам тавихаас өөр замын ачааллаас гарах гарц, түгжрэлийг бууруулах шийдэл үнэндээ байхгүй болоод байна. Тиймээс үүнийг хийхээс өөр замгүй.

-Төслийн замыг хаанаас эхэлж тавих вэ? 

-Их тойруугийн хаанаас нь ч эхлүүлж болно. Энэ нь бүтэн тойрог учраас Гэсэр сүм юм уу Баянбүрд, Сансарын аюулгүй тойргоос ч эхэлж болно. 



Энэтхэгийн Бумбай хотын 6.5 км давхар замын төслийг Энэтхэгийн улстөрчид сонгуулийн амлалтаар тавьж хэрэгжүүлжээ 


-Гол нь хөрөнгө хаанаас гарах, бэлэн эсэх, өртөг зардал нь хэд юм гэдэг нь нийтэд эргэлзээ төрүүлээд байх шиг байна?

-Тиймээ, таны хэлж буй үнэн. Энэ бол улсаас хөрөнгө мөнгө зардал гарахгүй, хувийн хэвшлийн компаниуд гадаадын хөрөнгө оруулалтаар, концессоор гүйцэтгэх төсөл юм. Тэр ч байтугай Засгийн газар, нийслэлээс ямар ч баталгаа гаргуулахгүй. Бид концессын барих-ашиглах-хүлээлгэн өгөх зарчмаар гүйцэтгэнэ. Яахав, эхний ээлжийн 800 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бид Германы компаниас авахаар тохиролцоод байна. Одоогоор нэг ч хөрөнгө оруулалт орж ирээгүй. 


-Энэ төслийг яагаад өмнө нь эрт эхлүүлж болоогүй юм?

-Төсөл 2010-2011 оноос эхтэй. Эрт эхлүүлээгүй нь нэг талаар Концессын хуультай холбоотой. Нэг ёсондоо энэ хууль гарч жигдэртэл "хүлээсэн" тал бий. Одоо бол Засгийн газраас зарласан концессын гэрээний жагсаалтад ороод явж байна. Бид өнгөрсөн хугацаанд оюуны өмчийн гэрчилгээ авах, инженерчлэлийн зураг төслөө гаргах, ТЭЗҮ хийх зэргээр ажилласан. Бид багаар ажиллаж байгаа. Энд дотоодын зам, гүүр, барилгын 6-7 компани нэгдэж байгаа. Анх 2014 онд бид нэгдээд "Тэнгэрийн тойрог" нэгдэл гэж нэрлэсэн юм. Төслийн нэр үүгээр явж байгаа. Гадаадаас бид Герман, Испани, Итали зэрэг Европын компаниудтай хамтарна. 


-Замаар зорчих төлбөр, хураамж нь дунджаар хэд байх вэ?

-Байгууламжийн өртөг зардал, гүйцэтгэлээс хамаарч гарах байх. Энэ талаар одоогоор тооцоолсон зүйл алга. Манай төсөл 25 жилийн хугацаанд хэрэгжиж бүтээн байгуулалт хийгдэнэ. Өнөөдөр манай нийслэлд түгжрэлд нэг машин сул зогсоход 2 литр бензин шатахуун "шатааж" байгаа.


-Нийслэлийн ерөнхий төлөвлөлттэй хэр нийцсэн бэ. Хуучин магистраль замыг хөдөлгөж, хөндөх үү?

-Нийслэлтэй хамтарч ажиллаж, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Энэ талын бичиг баримтуудаа авсан. Одоогийн байгаа болон хуучин зам, магистралийг хөндөхгүй, хөдөлгөхгүй. Төмөр бетон хийцийн бүтээн байгуулалт учир чанартай, удаан хугацаанд ашиглагдана. Одоо бид судалгааны ажлуудаа дуусаад өрөмдлөгийн ажлаа эхэлнэ. 


Бид хамгийн ойр гэхэд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хот болон БНХАУ-ын Ченгду хот, Энэтхэгийн Бумбай, Африкийн Кени улс дахь давхар зам тавьсан туршлагыг судалж үзсэн. Жишээ нь, Бумбайд 2003-2014 онд анхныхаа давхар замыг тавьж, өмнө нь нэг машин 90 минут зорчдог байсан бол замыг давхарласнаар 20 минут зарцуулдаг болж түгжрэлийг 4.2 дахин багасгасан. Энэхүү 6.5 км давхар замын төсөл нь Энэтхэгийн улстөрчдийн сонгуулийн амлалт байж. 

Харин Кенийн нийслэл Найроби дахь мөн анхных нь давхар замыг Дэлхийн банкны 3.7 тэрбум ам.доллароор тавьж, Засгийн газраас нь 113 сая ам.долларын хөрөнгө гарч байсан юм билээ. 



Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ 


Холбоотой мэдээ