Давсны хэрэглээний талаарх мэдээллийг иргэдэд цахимаар өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-12 19:54:23

Завхан /МОНЦАМЭ/.Улиастай сумын Дөрвөн оноо өрхийн Эрүүл мэндийн төвөөс тус сумын ресторан, зоогийн газар, хоолны газруудад давсны мэдээлэл сурталчилгааны дэлхийн долоо хоногийн хүрээнд зөвлөмж мэдээллийг өгч байна.

Давсны мэдээлэл сурталчилгааны дэлхийн долоо хоногийг энэ жил “Таны худалдан авдаг хүнсэнд хэр зэрэг их давс нуугдаж байгааг мэдэх үү?” уриан дор 2020 оны гуравдугаар сарын 09-15-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. Тиймээс тус Эрүүл мэндийн төвөөс давсыг хэрхэн ямар хэмжээгээр хэрэглэвэл зохих талаарх мэдээллийг Улиастай сумын 25 ресторан, зоогийн газар, хоолны газруудад өгчээ.

Монгол Улс “Давс ба эрүүл мэнд” дэлхийн хөдөлгөөнд 2012 онд нэгдэн орж, тус кампанит ажлыг жил бүрийн гуравдугаар сард тэмдэглэж ирсэн. Хөл хорио тогтоосон энэ үед манай эрүүл мэндийн төвөөс иргэдэд цахим сүлжээгээр дамжуулан мэдээлэл, сурталчилгааг өгч байгаа. Мөн коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл зөвлөмжийг өдөр бүр өгч байна. Ер нь давсны хэрэглээг багасгаснаар артерийн даралт ихсэх, тархины харвалт зэрэг зүрх, судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулах боломжтой юм. ДЭМБ-аас хоногт таван граммаас доош давс буюу нэг цайны халбагаас ихгүйг хэрэглэхийг зөвлөдөг боловч монгол хүний хоногийн давсны хэрэглээ хоёр дахин өндөр байна. Тиймээс эрүүл мэндээ хамгаалж, давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх нь зүйтэй юм.

 Давсны хэрэглээг бууруулснаар халдварт бус өвчлөлийг бууруулна

НҮБ-ын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2025 он гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30 хувиар бууруулахаар заажээ.

Харин Монгол Улсын “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (2015-2025)”-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 40 хувиар, хоолны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар тус тус заасан байна.

Учир нь үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, хоолны давсыг  багасгах, хүн амын давсны хэрэглээг бууруулах нь халдварт бус өвчний өвчлөл, цаг бусаар нас баралтаас сэргийлэх, улмаар хөдөлмөрийн бүтээмж, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг дэлхийн улс орнуудын туршлага харуулж байна. Тэгэхээр иргэн та цайгаа давсгүй уувал давсны хэрэглээгээ хоёр граммаар багасгаж чадна. Хүнсний бүтээгдэхүүний шошгын шим тэжээлийн мэдээллийг шалгаж давс (натри) хамгийн багатайг нь сонгоорой. Мөн хоол идэхийн өмнө эсвэл идэж байх үедээ давс ихтэй хоол амтлагч битгий хэрэглээрэй хэмээн Дөрвөн оноо өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн арга зүйч С.Ариунсанаа зөвлөв.

Томуугийн дэгдэлт буурчээ

Улиастай сумын Дөрвөн оноо өрхийн эрүүл мэндийн төвөөр хөл хорио тогтоосон энэ үед дуудлага хоёр дахин нэмэгджээ.

Өмнө нь өдөртөө 5-6 дуудлага ирдэг байсан бол одоо өдөртөө 20 орчим дуудлга ирж байна. Эдгээр дуудлагын ихэнх нь даралт ихэссэн, сахартай, гэрийн асаргаа сувилгаанд байдаг иргэдээс ирж байна. Харин томуугийн дэгдэлт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурсан байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой томуугийн дэгдэлт харьцангуй бага байна. Өрхийн эрүүл мэндийн төвд өнөөдрийн байдлаар өдрийн эмчилгээ хийлгэж буй болон сэргээн засах, бариа засал, утлага хийлгэх, яаралтай шинжилгээ өгөх, цусны даралтаа хэмжүүлэх гэсэн тулгамдсан шинжтэй иргэд үйлчлүүлж байна.

Манай өрхийн эрүүл мэндийн төв нь Улиастай сумын Жинст, Жаргалант, Чигэстэй багийн 9400 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тухайлбал иргэд бүх төрлийн тестийн түргэвчилсэн оношлуур, шинжилгээ, сэргээн засах, бариа засал, утлага хийлгэх гэхчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч байна. Өнөөдрийн байдлаар 137 жирэмсэн эх хяналтад байна. Эдгээр эхчүүд товлогдсон шинжилгээндээ хамрагдсан, шаардлагатай тохиолдолд хоёрдугаар шатлалын эмнэлгийн тусламжийг авч байгаа хэмээн Дөрвөн оноо өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн арга зүйч С.Ариунсанаа нэмж дуулгалаа.  


Холбоотой мэдээ