Тодорхойгүй байдал ба Путин үлдэх магадлал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-03-11 17:30:31

МОСКВА. /BBC/. 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ Владимир Путин үгүйсгээгүй бөгөөд сонгуульд ялсан тохиолдолд тэрбээр төрийн тэргүүний албан тушаалыг тав дахь удаагаа хаших юм.


Ерөнхийлөгчөөр ажиллах хугацааг хязгаарласан Үндсэн хуулийн заалтуудад баригдахгүйгээр тэдгээрийг “хэрхэн даван гарч” болох хувилбаруудыг “Нэгдмэл Орос” намаас сонгогдсон парламентын гишүүн Валентина Терешкова мягмар гарагт болсон Төрийн Думын хуралдааны үеэр танилцууллаа.


Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэх үеэр Терешкова уг хуулийг өөрчлөх хоёр хувилбарыг санал болгосон юм. Нэгдүгээрт, нэг хүн ерөнхийлөгчийн албан тушаалыг хэдэн удаа хашиж болох тухай заалтыг хуулиас хасах, хоёрдугаарт, шинэ Үндсэн хуулийг баталсны дараа тухайн хүн Ерөнхийлөгчөөр өмнө нь хэдэн удаа ажилласныг тэглэн тооцох.


Төрийн Думын дарга Вячеслав Володин “Терешковагийн санал болгосон өөрчлөлтүүдийг хэлэлцэхийн тулд Ерөнхийлөгчтэй ярилцах хэрэгтэй байна” гэснээр хурал завсарласан байна.


Дараа нь Думын танхимд Путин өөрөө орж ирэв. Тэрбээр Ерөнхийлөгчөөр хэдэн удаа сонгогдож болох талаарх хязгаарлалтыг хүчингүй болгохын эсрэг байгаагаа илэрхийлсний сацуу  тэглэх тухай санааг байж болох хувилбар гэж үзжээ. Хэрвээ Ерөнхийлөгчөөр ажилласан хугацааг шинээр тэглэн тооцох /одоогийн төрийн тэргүүнд ч хамаатай/ тухай өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц дэмжвэл энэ нь боломжтой зүйл гэж Путин үзэж байгаа аж. Түүнийг үг хэлсний дараа депутатууд Терешковагийн саналыг нэмэлт өөрчлөлтүүдийн багцад оруулахыг зөвшөөрчээ.


Дараагийн сонгуульд оролцохыг хязгаарласан заалтыг Путинд зориулан цуцлах тухай санаачилга нь бусад депутатын хувьд гэнэтийн явдал байсныг Володинд ойр байдаг хоёр хүн ВВС-д ярилцлага өгөх үеэрээ батлан хэлж байв. Өмнө нь ерөнхийлөгчөөр сонгогдсон тоог тэглэх тухай саналыг оруулах гэж байгаа талаар бараг хэн ч мэдээгүй байсан, зөвхөн Путин өөрөө л мэдэж байсан” гэж Кремльд ойр байдаг нэгэн эх сурвалж ярьсан байна. 


Гэхдээ Ерөнхийлөгч Думд үг хэлсэн нь тэрбээр Үндсэн хуулийн цэцийн дэмжлэгээр дахин сонгогдохын тулд боломжийг ашиглана гэсэн үг биш хэмээн ВВС-д ярилцлага өгсөн өөр нэгэн хүн хэллээ. Түүний хэлснээр, “Путин зөвхөн боломжуудыг л олж авч байгаа бөгөөд 2024 оныг тойрсон “халуурлыг” бууруулж байгаа хэрэг” ажээ.


Ерөнхийлөгчийн зорилго бол “2024 оны асуудал”-ыг огт байхгүй байлгахад оршино гэдгийг ярилцагч нэмж хэллээ.


Тэгэхээр Путин үлдэнэ гэсэн үг үү?

Путин дахин нэрээ дэвшүүлэх эсэх тухай шийдвэр нь тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгааг Оросын Улс ардын аж ахуй ба төрийн албаны академийн Төрийн захиргааны тэнхимийн доцент Екатерина Шульман тэмдэглэн хэллээ.


Дээрх өөрчлөлт нь Үндсэн хуульд нийцэж байна гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргалаа гэж бодоход, одоогийн ерөнхийлөгч дараагийн сонгуульд заавал оролцох албагүй юм. Эрхтэй болно гэдэг нэг хэрэг, харин түүнийгээ ашиглана гэдэг бол өөр хэрэг” хэмээн Шульман дүгнэн ярьж байна.



Харин түүнтэй санал нэг биш байгаа хүн бол Москва дахь Карнегийн төвийн “Оросын дотоод бодлого” төслийн удирдагч Андрей Колесников юм. Түүний үзэж байгаагаар, ерөнхийлөгчөөр ажилласан тоог тэглэсний дараа Путин ээлжит сонгуульд оролцох нь тодорхой ажээ. Өөрийнх нь нэр хүндийн чансааны үлдэгдэл нөөц 2024 он хүртэл элбэг хүрэлцэнэ гэж Оросын Ерөнхийлөгч тооцоолж байгаа аж.


“Түүний бараг мөнхийн удирдлагыг баталгаажуулах гол үүрэг нь Үндсэн хуулийн цэцэд ногдож байгаа. Путиний ямар ч шийдвэр, Путиний эрх ашигт нийцэх ямар ч шийдвэрийг батална гэдгээ цэц хэдэнтээ нотлон харуулсан билээ. Ийм учраас үүн дээр асуудал үүсэхгүй” гэж улс төр судлаач Колесников үзэж байна. 


Маневр хийх орон зайгаа Путин өөртөө үлдээж байгаа хэмээн “Улс төрийн шинжээчдийн бүлэг”-ийн ахлагч Константин Калачев дүгнэж байгаа аж. “Путин явж буй ерөнхийлөгч байхыг хүсэхгүй байгаа нь илт. Түүний явах тухай шийдвэр гэнэтийн санамсаргүй зүйл байх болно. Тэгэхгүй аваас тогтолцоо хяналтаас гарч магадгүй” гэдгийг судлаач хэллээ.


Үйл явдал хэрхэн өрнөх вэ гэдэг дээр хоёр хувилбар бий. Нэгдүгээрт, дотоод, гадаадын гол асуудлууд шийдэгдсэн үед “цойлж гарч ирж буй” залгамжлагчдаа эрх мэдлээ шилжүүлэн өгөх, хоёрдугаарт, эдийн засаг, нийгмийн хямралын үед зөвхөн би л Орос орныг тогтоож барьж чадна гэж Путин үзэж байгаа. Түүхэнд бичигдэж үлдэхийг хүсч буй хүний хувьд эдийн засаг унаж буй үед яваад өгөхийг хүсэхгүй л болов уу. Тэгэхээр хэд хэдэн хувилбараас сонголт хийх боломжтой байх нь дээр” гэж судлаач Калачев ярьж байна.   


Гэнэтийн санамсаргүй байдал юунд хэрэгтэй гэж?

Ийм шийдвэр гаргаснаараа Путин гар хөлөө сул чөлөөтэй болгож байна хэмээн улс төр судлаач Татьяна Становая ярилаа. Өнөөдөр Думд болсон үйл явдал бол “Путин бидэнтэй хамт удаан байна” гэсэн хүлээлт дээр тоглолт хийх явцад тодорхойгүй байдлыг хамгийн дээд хэмжээнд хүртэл байлгах гэсэн стратегийн алхам” гэдгийг тэрбээр онцлон хэлсэн юм. 


“Ийм өөрчлөлт оруулах талаар Терешковад өөр бусад хүмүүс хэлснийг үгүйсгэх аргагүй. Хэлж өгсөн хүмүүс нь энэ талаар өөрсдөө өглөө нь л мэдсэн. Энэ бол цэвэр Путиний арга барил. Путиний өөрчлөлтүүдийн талаар сүүлчийн мөч хүртэл мэдээгүй байсан нь тодорхой” гэж Становая үзэж байгаа аж.



Түүний үзэж байгаагаар, улс төрийн эрсдэлүүдээс шинэчлэлийг хамгаалах, хүчээ дайчлах боломжийг сөрөг хүчнийхэнд олгохгүйн тулд Путин төлөвлөгөөгөө нууцалж байжээ. 


“Ингэснээр Путин дахиад удаан хугацаагаар үлдэх эсэх, засгийн эрхийг хууль бусаар авах гэх мэт асуудлыг хэлэлцэхийн оронд бүгдээрээ хоёр сарын турш Төрийн зөвлөлийн асуудлыг хэлэлцлээ. Үнэн хэрэгтээ Путин цаг хожсон бөгөөд өөрийн анх хүсэж байсан тэр агуулгаар нь шинэчлэлийн асуудлыг хэлэлцүүлж чадлаа” гэж Становая ярилаа.


Үүний зэрэгцээ Төрийн Думын хуралдааны үеэр “бүх зүйлийг маш гоё найруулан тоглуулжээ”. Төрийн Дум нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэх үеэр ерөнхийлөгч орж ирснээр “парламентыг хүндэтгэж байгаагаа илэрхийлж, хэлэлцэж буй асуудал бол чухал гэдгийг тодотгосон. Ингэхдээ ерөнхийлөгчөөр өмнө нь ажилласан хугацааг тэглэх эсэх тухай эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргана гэдгийг Путин хэллээ. Бүхий л үйл явц хуулийн хүрээнд явагдаж байгаа гэж харагдуулахаар бодож бүхнийг хийсэн” хэмээн Становая эцэст нь дүгнэн хэлэв.   


“Ерөнхийлөгчөөр өмнө нь хэдэн удаа ажилласныг тэглэн тооцох тухай шинэ санал нь хүмүүсийн сонирхлыг төрүүлснээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх санал асуулгын ирцийг нэмэгдүүлж болох юм. Дэмжиж байгаа болон эсэргүүцэж буй хүмүүсийн аль аль нь идэвхжинэ” гэж улс төр судлаач Калачев ярьж байна.


Тэглэх тухай саналыг чухам Терешкова гаргасан нь санамсаргүй хэрэг биш ээ. Түүнийг ард олны дунд нэр хүндтэй, залгамж чанарыг бэлгэддэг хүн гэж үздэг ба тахин шүтэгддэг баатар хүн хэрэгтэй байсан. Энэ хүн бол Терешкова мөн гэдгийг харгалзан тооцсон бололтой” гэж Калачев хэллээ.


Хугацаанаас нь өмнө сонгууль явуулах санааг Путин яагаад дэмжээгүй вэ?

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийн явцад хамгийн түрүүнд сонирхол татаж байсан сэдвүүд бол Төрийн Думыг тараах, 2020 онд хугацаанаас нь өмнө сонгууль явуулах тухай асуудал байлаа. Өнгөрсөн долоо хоногт Путин уг асуудлыг Дум дахь намын бүлгүүдийн удирдагчидтай хамт хэлэлцсэн боловч чухам ямар тохиролцоонд хүрсэн талаар мэдээлээгүй юм.


Ээлжит бус сонгууль явуулах болсон учир шалтгаанууд гэвэл, Думын дарга В.Володиныг огцруулах, цаашид нийгэмд эсэргүүцлийн үзэл санаа өргөжих явдлаас “Нэгдмэл Орос” намыг хамгаалах гэсэн хүсэл эрмэлзэл юм.


Ийм сонгууль явуулах санаачилгыг Оросын Коммунист намаас бусад бүх намын бүлгүүд дэмжсэн. Гэтэл сонгууль хийх шаардлага алга гэж үзэж байгаагаа Путин илэрхийлсэн байна.


Харин Төрийн Думыг тараах тухайд энэ нь шийдэгдээгүй асуудал байсан гэдгийг Калачев, Становая нар дурдлаа.


Ээлжит бус сонгуулиас татгалзсан нь зөв алхам гэж санагдаж байна. Хэрвээ сонгууль явуулбал, эрх баригчид өөрсдөд нь үзүүлсэн итгэлийг алдахаас эмээж байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр байлаа. Ийм сонгууль нь буруу сэдэл өгч, үймээн бужигнаан гэж харагдахаар байлаа” хэмээн Калачев дүгнэн ярьж байна.


“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар саналаа өгөх нь тухайн өөрчлөлтүүдийг оруулсан Ерөнхийлөгч ба тэдгээрийг нь баталсан Төрийн Дум хоёрт итгэл үзүүлэх асуудлаарх бүх нийтийн санал асуулга мөн” гэдгийг судлаач хэллээ.


Харин улс төр судлаач Андрей Колесниковын үзэж байгаагаар, ээлжит бус сонгуулийн асуудлыг хэлэлцсэн нь “чулуу хөөлгөж буй хэрэг” ажээ. 2020 онд сонгууль явуулна гэж Кремль аль хэдийнэ шийдсэн, харин парламент түүнийг нь зөвшөөрсөн мэт сэтгэгдэл төрж байсныг судлаач хэллээ.    


“Тэд ганцхан өдрийн дотор бодлоо өөрчлөв үү, эсвэл энэ нь зальжин явуулга байв уу. Яах гэж үүнийг хийв? Том дарга нь тогтолцоогоо хадгалж үлдэх чадвартай гэдгээ харуулах гэж. Бидэнд ямар ч ээлжит бус сонгууль хэрэггүй, улс оронд бүх зүйл нам тайван, хэвийн байгаа гэдгийг харуулах зорилготой байсан” хэмээн Колесников эцэст нь дүгнэн хэлэв.


Холбоотой мэдээ