Эрэлхэг усчин аврагч С.Мөнхсүх

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-03-13 13:44:34

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын аврагч - усчин, ахлах ахлагч Мөнхсүх Мөрөн сумын уугуул Сонин-Алдарын тав дахь хүү.


          Тэрбээр хугацаат цэргийн албаа 1996 онд Улаанбаатар хотын Хужирбулан дахь 015-р ангид хааж ирээд 1997 оноос Онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарт аврагч-усчнаар ажиллаж эхэлсэн юм.  

Мөнхсүх багаасаа цэргийн хүн болохыг мөрөөддөг байснаа биелүүлсэн гэж үзэж ажил мэргэжилдээ дурлан ажилладаг байна. Эр зоригийн авхаалж самбаа шаардсан энэ албандаа 18 жил ажиллахад их л зүйлтэй нүүр тулгарсан нь тодорхой. Хамгийн сайхан нь гамшиг ослоос хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалдаг болохоор үнэхээр бахархалтай.

Эхнэр Д.Болортуяа, охин Тэнүүн нартаа яаран ирэх түүнийг халуун дулаан гэр бүл нь угтах бас жаргал. Иймээс байнгын бэлтгэл бэлэн байдал шаардсан ажилтай, цаг зав муутай хэдий ч чөлөөт цагаа гэр бүлдээ л зориулдаг. Бяцхан охин нь аав шигээ цэргийн хүн болох сонирхолтой байдагт тэр баярладаг.

Мөнхсүх хариуцаж даалгасан ажлынхаа ард гарч байж сэтгэл амардаг хүн. Усчин гэдэг маш хэцүү мэргэжил. Давчуу, харанхуй хүйтэн орчин, өвөл зунгүй усны гүн рүү ордог айдастай хэдий ч айдсаа даван дарж байж өргөсөн тангарагтаа үнэнч ажиллана. Ахлах ажилтны хувьд шинээр ажилд орсон хүмүүст мэдлэг туршлагаа хуваалцан зааж чиглүүлнэ. Түүний олон шавийн нэг- аврагч усчин Д.Доржсүрэн нь системийн хэмжээнд онцгой гавъяа байгуулсан ажилтнаар тодорсон бол шавь ахлагч Б.Болор-Эрдэнэ нь байгууллагынхаа 2019 оны тэргүүний аврагчаар шалгарчээ. Онцгой байдлын алба хаагчид ямар ч нөхцөлд нэгнээ орлож багаар ажилладаг. Тэрбээр 2008 онд ОХУ-аас орж ирсэн түймрээс хойд сумдыг хамгаалах урьдчилан сэргийлэх ажлаар нөхөдтэйгөө гурван сар ажиллаад иржээ.  

Зөвхөн сүүлийн гурван жилийн хугацаанд хүн мал, амьтны халдварт өвчний хорио цээр, устгал ариутгалын ажилд найман удаа, ой хээрийн түймэр, үер ус бусад гамшиг ослын ажилд 100 гаруй удаа ямар нэг ажлын хариуцлага алдалгүй, осол аваар гаргалгүй ажиллаж ой, хээрийн түймэр болон бусад гамшиг ослоос 16 хүний амь нас, улс нийгэм, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн 800 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгө, олон зуун мянган га бэлчээр, байгалийн баялаг, мал амьтныг мэргэжил нэгт нөхдийнхөө хамтаар авран хамгаалсан байна.

           2014-2018 оны хавар, намрын түймрийн аюултай улиралд Биндэр, Батширээт, Баян-Адарга, Норовлин, Өмнөдэлгэр, Дадал, Баян-Овоо, Батноров суманд томилогдон сум, орон нутгийн удирдлагатай хамтран баг айл өрхөөр явж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, санамж анхааруулга тараан баталгаа гаргуулж ажилласнаар түймрийн тоо, хохирол урд жилүүдийнхээс 15-20 хувиар буурчээ. Гал түймрийн болон гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтын ажлыг нийт 345 удаа хийж, гал түймэр гарч болзошгүй 1700 орчим зөрчлийг бүрэн арилгуулж давхардсан тоогоор 8456 айл өрхийн 32100 орчим хүнд гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ухуулга сурталчилгааны ажлыг хийснээр түүний хариуцсан Хэрлэн сумын дөрөвдүгээр багийн айл өрхөд гал түймрийн хэрэг зөрчил гараагүй билээ. Тэрээр аймаг орон нутагт тохиолдсон гал түймэр, гамшиг осол дээр ажиллахаас гадна хил залгаа Дорнод, Сүхбаатар аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраах ажилд идэвх зүтгэл гарган албан үүргээ амжилттай биелүүлжээ.

Ахлах ахлагч С.Мөнхсүхийн гавьяа зүтгэлийг үнэлсэн НҮБ-ын “Энхийн төлөө” медаль, Цэргийн хүндэт медаль, БХЯ-ны “Дайчин алдар-3” медаль, Онцгой байдлын албаны төлөө-2 тэмдэг зэрэг хүндэт шагналууд түүний энгэрт эр зоригийг нь илтгэн гялалзана. 

Холбоотой мэдээ