The National Interest: Анкара, Москва хоёр аюултай тоглоомоор наадаж байна

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2020-03-04 12:31:17

Сири дэх Орос, Турк хоёрын сөргөлдөөн нь Москва-Анкарагийн эвсэлд ирээдүй алга гэдгийг харуулж байна хэмээн Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн шинжээч Коннор Диллин /Connor Dilleen/дүгнэн бичжээ. Сирийн иргэний дайны явцад Путин, Эрдоган хоёр эрс тэс өөр зорилгууддаа хүрэхийн тулд багагүй хүч хөрөнгө хаясан бөгөөд одоо тэдний хэн нь ч сул талаа харуулж, буулт хийхийг хүсэхгүй байна. Шинжээчийн хийсэн энэ дүгнэлт ба дорх нийтлэл нь Австралийн засгийн газрын байр суурь биш гэдгийг дурдах нь зүйтэй.  


2 дугаар сарын 27-ны өдөр Туркийн цэргийн 33 албан хаагч Сирийн баруун хойд нутаг дахь Идлиб мужид агаарын цохилтод өртөн амь үрэгдсэнээр Туркийн тал нэг сарын дотор 50 орчим цэргээ алдлаа. Агаарын дайралтыг Оросын нисэх хүчин хийсэн байх магадлалтай ба энэ хэрэг явдал нь 2019 онд Сочид байгуулсан Гал зогсоох тухай гэрээ хэрэгжихгүй байгааг, мөн Москва, Анкара хоёр сөргөлдөөнд хүргэж мэдэхээр зам руу явж буйг харууллаа. 


Ер нь бол, Анкара, Москва хоёрын харилцаа нэлээд эмзэг байгаа. Энэ хоёр улс Путин, Эрдоган хоёрын ертөнцийг үзэх үзлээр хоорондоо холбогдсон байж магадгүй, гэхдээ Ойрхи Дорнод дахь стратегийн сөргөлдөөнөөрөө хоорондоо зааглагдсан учраас Идлиб мужид дэгдсэн хямрал цаашид хэрхэн өрнөхийг урьдчилан таамаглахад нэн түвэгтэй. 


Эрдоган, Путин хоёр бол олон талын харилцаан дээр яахын аргагүй холбоотнууд мөн. Вашингтоны хүч нөлөө буурч байгааг ашиглан улс орноо дэлхийн хэмжээний үүрэг рольтой гүрэн болгохыг хоёулаа л эрмэлздэг. Улс төрийн чиг хандлагын хувьд хоёулаа авторитар удирдагчид бөгөөд улс төрч бие хүнийх нь хувьд өөрсдийг нь тахин шүтэх явдлыг хичээнгүйлэн бий болгож байна.    


Эрдоган, Путин хоёр бол прагматик хүмүүс, улс төрийн реалист бодлоготнууд бөгөөд Ойрхи Дорнодын бүс нутагт өөрсдийн зорилгод хүрэхийн тулд боломж нөхцлийг үнэлэн тооцоолж, ашиглаж чадах хүмүүс. Түүнчлэн тэд хоёулаа Барууныханд маш дургүй. Туркийн тал Оросын С-400 зенитийн пуужингийн цогцолборыг худалдан авахаар шийдвэрлэсэн нь тэдний харилцаанд гарсан бэлгэ тэмдгийн шинжтэй үйл явдал. Ингэснээрээ Анкарагийн эрх баригчид Вашингтон болон НАТО-гийн холбоотнуудтай тогтоосон харилцаагаа чухамдаа золиосонд гаргасан юм.  


Харин Сирид өрнөж буй Орос-Туркийн сөргөлдөөн нь Москва, Анкара хоёрын хамтын ажиллагаанд хэмжээ хязгаар бий, тэдний геополитикийн зорилгууд нь хоорондоо харшилна, тэдний эвслийн харилцаанд ирээдүй алга гэдгийг батлан харуулж байна.


Анкарагийн хувьд, Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг түлхэн унагахыг урьдын адил эрмэлзсээр байгаа бөгөөд Сирийн хойд нутаг дахь босогчдын сүүлчийн түшиц газруудыг дэмжих томоохон үүргийг хүлээжээ. Энэ нь Туркийн хилийг Сирийн дүрвэгсдээс хамгаалах, бүс нутагт байрлаж буй курдын зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэхэд чиглэсэн стратегийн бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа юм. Сирийн умард нутаг руу илгээсэн Туркийн цэргийн тооны талаарх мэдээллүүд хоорондоо зөрүүтэй байгаа боловч саяхны нэгэн нийтлэлд дурдсанаар, тухайн бүс нутагт 15 мянга орчим турк цэрэг байгаа бололтой. Үүнтэй зэрэгцээд цэрэг зэвсгийн оролцооныхоо төлөө төлж буй төлөөс нь Анкарагийн хувьд улам л өссөөр.


Харин Москвагийн хувьд, иргэний дайны явцад Асадын дэглэмийг дэмжихийн тулд Сири рүү цэргийн ихээхэн хүчийг илгээжээ. 2015-2018 оны хугацаанд Оросын 63 мянга гаруй цэрэг Сирид алба хаажээ. Зэвсэгт мөргөлдөөний явцад Оросын 116 цэргийн албан хаагчаас гадна “Вагнерын цэргийн хувийн компани”-ийн 100 хөлсний цэрэг амь үрэгдсэн байна.   


Эрдоган, Путин хоёрын хэн хэнийх нь хувьд асуудлын гол нь юунд оршиж байна вэ гэхээр, тэд хүссэн үр дүндээ хүрэхийн тулд Сирийн иргэний дайны явцад багагүй хөрөнгө хүч хаясан учраас хэн нь ч сул талаа харуулж, буулт хийхийг хүсэхгүй. Турк улс Ойрхи Дорнодод бүхэлд нь өөрийн хүсэл зоригийг тулган хүлээлгэж чадна гэдгээ харуулахын тулд их зүйлийг хийсэн, хэрвээ Идлиб мужид ялагдал хүлээх аваас энэ нь гадаадад ч, дотоодод ч  Эрдоганы бардам зан, нэр хүндэд нь цохилт болох юм. Харин Путиний хувьд, Вашингтоныг бүс нутгаас шахан гаргах, Ойрхи Дорнодод дэгдээд буй  хямралуудыг зохицуулахад гол зуучлагч болох гэсэн төлөвлөгөөнийх нь гол цөм нь Сири билээ. Хэрвээ Асад Идлиб мужид хяналтаа сэргээн тогтоож чадахгүй аваас бүс нутгийн хэмжээнд Орост итгэх итгэл ноцтойгоор сулрах болно.


2 дугаар сарын 27-ноос өмнө бол Идлибэд үүссэн хурцадмал байдлыг намжаахад бэлэн гэдгээ Эрдоган илэрхийлж байсан бөгөөд 3 дугаар сарын 5-нд уг асуудлаар Истанбулд Оросын талтай хэлэлцээ хийх тухай Герман, Францын саналыг хүлээн аваад байсан юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлын дараа тэрбээр илүү хатуу байр суурьтай болсон бололтой. Бидэнд байгаа мэдээллээр бол, Эрдоган Путинтэй утсаар ярих үеэрээ “Анкарагийн зүгээс Асадын дэглэмийн эсрэг явуулж буй ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх”-ыг Оросоос хүсчээ. Үүний сацуу, Туркийн тал Идлибт байрлаж буй Сирийн засгийн газрын цэргийн эсрэг “Хаврын бамбай” гэдэг байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Туркийн цэргийн цуваа 

Гэхдээ агаарын орон зай дахь Оросын давамгайллыг Анкара сөрөн зогсож чадахгүй гэдгийг Эрдоган мэдэж байгаа. С-400 зенитийн пуужингийн цогцолборыг 4 дүгээр сараас нааш байлдааны жижүүрлэлтэд гаргах боломжгүй ба Эрдоган “Пэтриот” цогцолборын хоёр батарейг байрлуулах хүсэлтийг Вашингтонд хандан тавьсан нь тэрбээр ихэд цөхөрснийг харууллаа.  


Сири, Ливийн хэрэг явдалд зэвсгийн хүчээр хөндлөнгөөс оролцсоноороо найз нөхдөө алдаж байна гэдгээ Анкара алгуур ойлгож эхэлжээ. Хэдийгээр Саудын Арави, АНЭУ, Бахрейн болон Египет улс Сирийн иргэний дайны үеэр босогчдын бүлэглэлүүдэд эд материалын дэмжлэг үзүүлж байсан боловч Сири дэх Туркийн цэргийн түрэмгийллийг зэмлэн буруушааж, Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн гэж үзэж байна. Үүний сацуу, Европтой залгаа Туркийн хилийг Сирийн дүрвэгсдэд зориулан нээнэ гэж сүрдүүлснийг нь дэмжих хүн Европт тун ховор гэдгийг ч мөн Анкара ойлгох болов уу.

Сирийн засгийн газрын цэргүүд Серакиб хотыг чөлөөлөв 


3 дугаар сарын 5-нд Эрдогантай хэлэлцээ хийх гэж буй Путин үүнийг ойлгох болно. Анкарагийн зүгээс Вашингтонтой эвлэрэх оролдлогууд хийж буйг Москва анзаарахгүй өнгөрнө гэж үгүй. Түүнээс гадна, Анкаратай харилцахдаа Москва хүчний харьцаагаа хадгалсан хэвээр байгаа бөгөөд хэрвээ Сирид өөрийн зорилгод хүрч чадахгүй аваас шахалт үзүүлэх хөшүүргүүд бий гэдгийг Путин маш сайн мэдэж байгаа. Анх Герман,Францын зуучлалтайгаар Идлибийн асуудлаар Истанбулд “дөрвөн гүрэн”-ий хэлэлцээ хийхээр төлөвлөж байсан боловч одоо Путин, Эрдоган хоёр Москвад уулзахаар болж байна. Хэлэлцээ болох шинэ газар нь хүчний харьцааг л харуулж байна шүү дээ.   


Өнөөгийн хямралыг зохицуулахад шийдвэрлэх хүчин зүйл юу вэ гэвэл, Москва, Анкара хоёр стратегийн эсрэг тэсрэг тэргүүлэх чиглэлүүдээ уялдуулж чадах эсэх, Идлибийн асуудлаар санал бодол нийлэх цэгийг олох явдал юм. “Албадан шахах дипломат бодлого”-ыг ашиглаж чадна гэдгээ Путин батлан харуулсан нь Эрдоганы хувьд эрсдэл бөгөөд энэ бодлогоороо Идлибт Эрдоганаар буулт хийлгэж, улмаар Оросын давуу байдлыг бий болгож магадгүй. Гэсэн хэдий ч, саяхан болж өнгөрсөн хэрэг явдлуудыг тооцож үзвээс, Идлибийн асуудлаар харилцан буулт хийсэн хэлэлцээр нь огт хэлэлцээр байгуулаагүйгээс дээр билээ. Уг хэлэлцээр нь Сири дэх зорилгынхоо ач холбогдлыг үнэлэн тодорхойлох боломжийг Путин, Эрдоган хоёрт олгоно. Мөн эдгээр стратегийн зорилтууд илүү чухал уу эсвэл хоёр улсын харилцааг өргөжүүлэх нь илүү чухал уу гэдгийг шийдэх боломжийг олгох юм.


Б.Адъяахүү  

Эх сурвалжууд: https://nationalinterest.org/blog/buzz/it-could-be-war-turkey-and-russia-are-playing-dangerous-game-syria-128992

https://inosmi.ru/military/20200304/246981093.html

Холбоотой мэдээ