ЭЗХАХБ дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-03-03 12:24:13

ПАРИС. /NHK/. Шинэ коронавирусний халдварын тархалтын улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарч, 2.4 хувьд хүрэх төлөвтэй байна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБдаваа гарагт мэдээлжээ.


ЭЗХАХБ-аас өчигдөр танилцуулсан дэлхийн эдийн засгийн үнэлгээний тайланд дурдсанаар, өнгөрсөн оны 11 дүгээр сард дээрх үзүүлэлтийг 2.9 хувь хүрнэ хэмээн тооцоолж байсан хэдий ч 0.5 хувиар бууруулахад хүрсэн ажээ.


COVID-19” халдварын тархалт үйлдвэрлэл, аялал жуучлал, хувь хүний хэрэглээ зэрэг эдийн засагт өргөн хүрээг хамарсан нөлөө үзүүлэх төлөвтэй байгааг ЭЗХАХБ-ын мэргэжилтнүүд онцолсон байна.


ЭЗХАХБ Японы эдийн засгийг энэ онд 0.2 хувиар өснө хэмээн таамагласан нь өмнөх таамгаас 0.4 хувиар буурсан бол Хятадын эдийн засгийн өсөлт 4.9 хувь хүрнэ хэмээн таамагласнаар өмнөх таамгаа 0.8 хувиар бууруулжээ. Мөн Евро бүсийн эдийн засаг 1.2 хувиар өсөх урьдчилсан таамаглал 0.3 хувиар буурчээ.


Одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд 1.5 хувьд хүрч болзошгүй байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Япон, Евро бүс зэрэг хэд хэдэн эдийн засаг уналтад орж болзошгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ