Жилийн заслыг хөл хорио цуцлагдсаны дараа зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-27 13:13:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гандантэгчэнлин хийд Сар шинийн засал номыг коронавирусний халдвараас сэргийлсэн хөл хорио цуцлагдсаны дараа нэгдсэн байдлаар зохион байгуулахаар боллоо. 

Энэ жил шинэ коронавирусний халдварын тархалтаас сэргийлж олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлан хориглоод байгаа. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан иргэдийг заавал шинийн 15-ны дотор гэлгүй, сүм хийдэд ирэлгүйгээр заслаа хийлгэхийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс уриалж байна. 

"Халдварын нөхцөл байдал намжиж, хөл хорио буюу өндөржүүлсэн байдал цуцлагдсаны дараа Гандантэгчэнлин хийдээс тухайн жилийн засал номыг тусгайлан хурахаар болсон" гэж Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд мэдээллээ. 

Энэ талаар тусгайлан лам нарыг гаргаж зохион байгуулах аж. Тусгай лам нар гэдэг нь ном гүрмээ бүрэн үзсэн, бурхан шашны хэрэглээний бясалгал бүтээл,  зан үйлийг сайн мэдэж үйлддэг, гандан хийдийн лам хуврагуудыг тохоон томилж 15 хоногийн турш заслын хурал номыг хурна гэж мэдэгдэж байна. 


Холбоотой мэдээ