Ховд аймгийн аялал жуулчлалын маршрутыг тэмдэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-27 11:12:33

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн аялал жуулчлалын маршрутыг тэмдэгжүүлэх ажлыг энэ оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Байгаль орчин-Бидний ирээдүйд” төсөл хэрэгжүүлж буй. Энэхүү төслийн хүрээнд Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжин ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн аялал жуулчлалын маршрутыг тэмдэгжүүлэх ажлыг гүйцэтгэх “Зөвлөх баг сонгон шалгаруулахаар болжээ.

Зөвлөх баг нь Ховд аймгийн “Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрт тусгагдсан аяллын нэг маршрутыг тэмдэгжүүлнэ. Ингэхдээ холбогдох стандарт шаардлагын дагуу тэмдэг, тэмдэглэгээ, мэдээллийн самбар хийх цэгийг тодорхойлж, ажил гүйцэтгэх төлөвлөгөө, төсөв гаргаж байршуулах юм.  

Мөн Буянт гол дагуу болон Ховд, Говь-Алтай аймгийн булгуудад усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэлт хийх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

Ингэхдээ усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэлтийн хүрээнд 1*1 м-ийн хэмжээтэй 22,  50*50 см-ийн 31, 3*2 м-ийн хэмжээтэй 2 ширхэг мэдээллийн самбар хийж байршуулах аж.   

Ховд аймгийн аялал жуулчлалын маршрутыг тэмдэгжүүлэх ажлыг гүйцэтгэх “Зөвлөх баг”-ийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, танилцуулга, ажил гүйцэтгэх үе шат, төлөвлөгөө, аргачлал, ажиллах зөвлөхүүдийн туршлага, ур чадварыг тусгасан мэдээлэл, үнийн санал

/ажлын хөлс, самбаруудыг хийх, байршуулах зардал, маршрут тэмдэгжүүлэх нэгж тэмдэг тэмдэглэгээний үнийн санал/ гэх мэт  материалыг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагаас өмнө info@wwf.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой.

Зөвлөх баг нь аялал жуулчлалын чиглэлээр туршлагатай, орон нутагт аялагчдын хоноглох газрыг тохижуулсан, тэмдэг тэмдэглэгээний ажил гүйцэтгэж байсан бол давуу тал болно гэж Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ.  

Холбоотой мэдээ