Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-24 09:35:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ дахь Монгол иргэдийн аюулгүй байдал, тус улсаас ирэх, явах зорчигчдийн асуудлаар Улсын Онцгой комисс өнөөдөр 14.00 цагт хуралдана. 


БНСУ-д өнөөдрийн  байдлаар, шинэ коронавирусний халдварын 161 тохиолдол нэмэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 763 болсон тухай Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 7 болж нэмэгдсэн бол 18 өвчтөн эмнэлгээс гарсан байна. Одоогоор 8275 хүний шинжилгээний хариу гараагүй бөгөөд шинээр халдвар авсан тохиолдлуудын 131 нь Тэгү хотоос илэрчээ.


Мөн хуралдаанаар, Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдын ажилласан байдал, тулгамдаж буй асуудлын мэдээллийг сонсож шийдвэр гаргана.


Монгол улсын хэмжээнд улс, хотын чанартай автозамын зорчих хөдөлгөөнийг өчигдөр буюу цагаан сарын баярын битүүний өдрөөс хааж хяналтад аваад байна. Улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Ард иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хот хоорондын зорчихгүй, баярын өдрүүдэд гэр бүл, эрүүл мэндээ хамгаалж, цахимаар золгож иргэний нийгмийн үүргээ гүйцэтгэхийг Улсын онцгой комиссоос уриалж байна.

Холбоотой мэдээ