ЕХ болон НАТО-д Путин хэрхэн ханддаг талаар Обама ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-26 16:56:33

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн үзэж байгаагаар, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО болон Европын Холбоог /ЕХ/ “Оросын хүч чадалд учирч буй аюул” гэж харж байна. Ингэж үзэж байгаагаа Америкийн удирдагч телевизийн “CBS” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Ноён Путин НАТО, ЕХ, Атлантын далай дамнасан нэгдлийг үндсэндээ Оросын хүч чадалд учирч буй аюул гэж хүлээж авч байна” хэмээн тэрбээр хэллээ. "Путин Европыг задлан хуваах гэж байгаа юу” гэсэн асуултад Обама ингэж хариулсан байна.

Обамагийн үзэж байгаагаар, Оросын Ерөнхийлөгч “энэ тал дээр алдаж байгаа аж”.

“Үнэндээ бол хүчирхэг нэгдсэн Европын хувьд бусад улс оронтой харилцаа холбоотой байхыг сонирхдог хүчирхэг Орос оронтой хамтран ажиллах нь зөв зам мөн гэж би Путинд хэлсэн боловч одоогоор түүнийг бүрэн итгүүлж чадаагүй байна” гэж Америкийн Ерөнхийлөгч ярьжээ.

Орос орон бол өөрийн үнэ цэнийг мэддэг, өөрийн гэсэн ашиг сонирхол бүхий" хэрэгтэй "бие даасан, бүрэн эрхт" тоглогч юм гэж Путин өмнө нь Бүх Оросын ардын фронтын чуулга уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Оросын удирдагчийн хэлснээр, улс орны бүрэн эрхт байдал алдагдах явдлыг Москва хүлээн зөвшөөрөхгүй. Орос улс харилцан буулт хийж, бусад орны ашиг сонирхлыг харгалзан үзэхэд бэлэн байгаа боловч түнш орнуудаасаа мөн адил ийм байхыг хүсч байна гэж Путин онцлон дурджээ.

Бүрэн эрхт байдлынхаа заримыг АНУ-д өгч, гадаад бодлогодоо бие даасан байр сууриа хадгалж чадахгүй байгаа нь Европт үүссэн гол асуудал юм гэж Оросын удирдагч өмнө нь хэлж байсан юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ